
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас орон сууцын үнэ өсөж, иргэдэд багагүй хүндрэл учруулаад буй. Үүнээс гадна зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийн хүрэлцээ муу байгаа талаар иргэд ам уралдан ярилцах болов. Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны Орон сууц, санхүүжилтийн хэлтэсийн дарга Э.Батболдоос тодрууллаа.
-Ипотекийн зээл хүрэлцээ муу, зорилтот бүлгийнхэн хамрагдаж чадахгүй байгаа хэмээн иргэд үзэж байна. Энэ онд хэчнээн хүн ипотекийн зээлд хамрагдсан бэ?
-Ипотекийн зээлийн санхүүжилт сайн байгаа. Арилжааны банкууд ч зээлийг сайн олгож байгаа хэмээн дүгнэж болно. Энэ сарын 27-ны байдлаар 9132 хүнд 686 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Өнгөрсөн онд 5644 хүнд л эл төрлийн зээлийг олгосон. Өөрөөр хэлбэл, энэ онд өнгөрсөн жилийнхээс 2.1 дахин их ипотекийн зээл олгосон гэсэн үг.
-Тэгвэл зээлийн санхүүжилт зогссон, зорилтот бүлгийнхэнд хүрэхгүй байна гэх цуурхал яагаад иргэдийн дунд тархах болов.
-Манай яамны зүгээс банкуудыг сард багадаа 100 зээлийн хүсэлтийг шийдэх ёстой гэх шаардлага тавьсан. Харин өдгөө банкууд нэг сарын хугацаанд 200-300 зээлийн хүсэлтийг хүлээн авч байна. Эдгээрээс материалаа түрүүлж илгээсэн 100 зээлдэгчийн бичиг баримтыг шалгаж, үлдсэнийг нь ирэх сард нь нягтлахаар шилжүүлдэг. Ингэхдээ дараа сард нь дахин ачаалал үүсгэхгүйн тулд материал хүлээн авахгүй гэдэг юм билээ. Үүнээс болж иргэдийн дунд хардлага үүсэж, цуурхал тархаад буй. Ипотекийн зээлийн санхүүжилт хангалттай байгаа. Банкууд асуудлаа хурдан шийдвэл зээл олгох явцад асуудал үүсэхгүй.
-Энэ онд барилга, орон сууцын үнэ багагүй өслөө. Яамны зүгээс үүний эсрэг ямар хариу арга хэмжээ авч байна вэ?
-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас барилгын материалын үнэ огцом өссөн. Барилга, орон сууцын үнийн 53 хувийг материалын зардал эзэлдэг. Эл 53 хувийн 30-ыг нь арматурын төмрийн үнэ дангаар эзэлдэг юм. Харин коронавирусийн халдвараас үүдэн арматурын үнэ дэлхийн зах зээлд 2-3 дахин нэмэгдээд байна. Ингэхээр барилгын үнэ өсөх нь аргагүй. Гэхдээ үнийн хөөрөгдөл бий болгох эрсдэлтэй байгаа учир яамны зүгээс ажлын хэсэг байгуулсан.