
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудал шийдсэн бөгөөд Ерөнхийлөгчийн нэрэмжит болон Засгийн газрын сургалтын тэтгэлгийн журмыг баталлаа. Эхнийх нь дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад харьяа сум, нийслэлийн хороондоо хамгийн өндөр оноо авсан тус бүр нэг иргэнийг дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад бэлтгэх дотоодын төрийн өмчийн их сургуулийн тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх аж. Үүнийг амжилттай төгсөхийн сацуу гадаадын хүссэн сургуулийнхаа бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан бол сургалтын тэтгэлэг олгох юм байна. Мөн Монголд болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад медальт байрт шалгарсан сурагч дэлхийн шилдэг 100-д багтдаг их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан бол сургал тын тэтгэлэг авах эрхтэй ажээ. Хөгжлийн тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа болон сургалт, судалгааны ажлын амжилтаар тэргүүлэгч оюутнуудад 100 хүртэлх хувийн сургалтын төлбөрийн тэтгэлгийг Засгийн газраас олгох юм байна.
Бэлтгэсэн Р.Жаргал