
Засгийн газрын хуралдаанд Соёлын сайд Ч.Номин соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар танилцуулга хийв. Тэрбээр төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүдийн хяналтын камер, дохиоллын систем хуучирч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, харуул хамгаалалтын ажилтны камер, дохиоллын системтэй харилцах чадвар сул зэргээс үүдэн соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчил гарч байгаа нь тогтоогдсон талаар мэдээллээ. Ер нь сүүлийн жилүүдэд соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа тул хууль сахиулах байгууллагад үүнтэй тэмцэх нэгж байгуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсныг ч мэдэгдэв. Ерөнхий сайд энэ дагуу төрийн болон орон нутгийн өмчийн музейн дохиолол, хяналтын камерын системийг шинэчлэхийг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт, харин ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанд соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн нэгж байгуулах талаар зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд нарт даалгав.