
Энэ намрын ургац хураалтад их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутнууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг ажиллуулах уриалгыг ХХААХҮЯ-наас гаргасан. Одоогоор Төв, Архангай, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Говьсүмбэр, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Сүхбаатар гэсэн 13 аймгаас нийт 7308 хүн ажиллуулах захиалга ирүүлжээ. Ургацаа бүрэн хурааж авах уриалгад нэгдэж, газар тариалангийн салбарт ажиллах хүсэлтэй иргэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Монголын залуучуудын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн бирж, захиалга ирүүлсэн дээрх аймгуудын агрономичтой холбогдон, ажлын байрны талаарх мэдээлэл авах боломжтой. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд үр тариа хадгалах 523 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 182 мянга, хувийн хэвшилд 341 мянган тонн нь ашиглагдаж буй аж. Элеваторуудыг ариутган, засвар үйлчилгээ хийж буудай хүлээн авахад бэлэн болжээ.
Бэлтгэсэн Б.Сонор