
Энэ жил нийслэлийн 286 ерөнхий боловсролын сургуульд 341.500 сурагч суралцана. Төрийн өмчийн 152, төрийн бус 134 сургуульд шинээр 38.842 сурагч элсэн орох гэнэ. Тиймээс 2021-2022 оны хичээлийн жилд хотын төв буюу Их тойрууд байршилтай 17, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж муу захын 12 сургуулийн сурагчдад зориулж автобусаар үйлчлэхээр болжээ.
Хотын төв буюу Их тойрууд байршилтай сургуулиудын сурагчдыг автобусаар зөөх нь түгжрэлийг бууруулах бодлоготой холбоотой. Харин хотын захын үйлчилгээний автобусны тоо цөөн байдгаас хүлээлт үүсэж, сурагчид хоцрох тохиолдол гардаг аж. Тиймээс хотын захын 12 сургуулийн сурагчдыг сургуулийн автобусаар хичээлд нь хүргэхээр болжээ.
Нийслэлийн хэмжээнд сургуулийн автобусыг гурав дахь жилдээ явуулж байгаа бөгөөд энэ ажилд нийтийн тээврийн компаниуд идэвх санаачилгатай оролцож, нийгмийн хариуцлагын хүрээнд 3-5 автобусыг сургуулийнх болгож байгааг нийслэлийн Боловсролын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ онцоллоо. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор 5600-6300 сурагч сургуулийн автобусаар зорчсон байна. Энэ хичээлийн жилийн хувьд сургуулийн автобусыг 37 чиглэлд явуулахаар төлөвлөжээ. Сургуулийн автобус есдүгээр сарын 6 буюу ирэх даваа гарагаас эхлэн сурагчдад үйлчлэх гэнэ.