
Нийслэлийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Онцгой байдлын газарт Зарлан мэдээллийн дуут цамхаг, ус соруулах насос, явуулын ажлын байрыг хүлээлгэн өглөө. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2018-2020 онд олон нийтэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг олгох, хүч хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлтэй газруудад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг хангах чиглэлээр 218 сая төгрөгийн дэмжлэгийг нийслэлийн Онцгой байдлын газарт үзүүлсэн гэнэ.

Өнөөдөр тус байгууллагад олгосон техник хэрэгсэлд зарлан мэдээллийн хоёр цамхаг, цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлтэй цэгүүдэд ажиллах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, алслагдсан дүүрэг, хороодод төрийн үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэж ажиллахад зориулж явуулын нэг ажлын байр, тохиолдож болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, үүссэн хор уршгийг арилгах зориулалт бүхий ус соруулах зөөврийн хоёр насос бий.

Болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед, Улаанбаатар хотын иргэдэд, гамшгийн аюулын тухай, сэрэмжлүүлгийг шуурхай, хүртээмжтэй хүргэх, аюулаас амжиж анхааруулах, зөвлөмж, сэрэмжлүүлгийг нэвтрүүлэх зорилготой дуут цамхаг нь 1600 вт хүчин чадалтай, зайнаас унтрааж, асаах, цахилгаан тасарсан үед ажиллах тэжээлийн үүсгүүртэй бөгөөд нийслэлд суурилуулсан 60 цамхагтай шууд холбогдох боломжтой аж.
Мөн усны насос нь их хэмжээний ус соруулах, галын авто машиныг усаар дүүргэх хүчин чадалтай бөгөөд цагт 12 метрийн гүнээс 300 шоо метр ус сорох, бүх төрлийн тээврийн хэрэгслээр чирэх боломжтой гэнэ.
Эх сурвалж: НОБГ