
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин манай улсад гараад буй. Одоогоор 10 аймгийн 33 сумын 341 малчин өрхийн 19.779 толгой мал гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн талаар Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлэв. Өвчний гаралт тархалтыг таслан зогсоох арга хэмжээг холбогдох хууль, журам, зааврын дагуу хэрэгжүүлж, төв, орон нутгийн төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран, голомт, сэжигтэй, хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоосон гэнэ.
Мөн малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, явуулын болон суурин хяналтын цэг гарган, мал сүрэгт эрүүл мэндийн үзлэг хийж, халдваргүйтгэлийн арга хэмжээг шуурхай зохион байгуулж байгаа аж. Мөн голомтын болон сэжигтэй бүсийн 1121 малчин өрхийн хашаа хороо, худаг, бэлчээр, устгалын цэгийн 2.690.803 ам метр талбайг халдваргүйжүүлсэн байна. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх нэгдүгээр ээлжийн дархлаажуулалтад 11 аймгийн 20.903 малчин өрхийн нийт 9.914.491 толгой малыг хамруулжээ.