
Сумын Онцгой комиссын шийдвэрээр коронавирусийн халдвар авсан иргэдийн нэрийг олон нийтэд мэдээлсэн бусармаг үйл явдал Хөвсгөлд гарчээ. Хүний эрхийн үндэсний комиссынхон эл үйл явдлыг шалгаж, бодит болохыг тогтоосон байна. Тодруулбал, коронавирусийн халдвар авсан иргэдийн нэр, хаяг, байршлыг олон нийтэд зарлаж, ойр орчимд зорчихгүй байхыг анхааруулж ялгаварлан гадуурхаж, нэр төрд халдсан нь үнэн гэнэ. Тодруулбал, 2021 оны долдугаар сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын фэйсбүүк хуудсанд коронавирусийн халдварын батлагдсан 35 тохиолдлоос эмчлүүлж эдгэсэн 17, эмчлүүлж буй 18 иргэн болон тусгаарлалтад байгаа хүмүүсийн талаар мэдээллийг цахим орчинд байршуулж, ар гэрт нь очихгүй байхыг анхааруулжээ. Мөн Түнэл сумын фэйсбүүк хуудсанд тусгаарлалтад байгаа иргэдийн байршлын зураглалыг оруулж, иргэдийн ойр орчимд зорчихгүй, уулзахгүй байхыг шаарджээ. Үүний дагуу коронавирусийн халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхаж, нэр төрд нь халдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлагыг ХЭҮК-оос Хөвсгөл аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.
Шаардлагын мөрөөр хүний нэр төр, халдашгүй байдал, хувийн нууцад халдсан Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Түнэл сумын холбогдох албан тушаалтнуудад сахилгын арга хэмжээ ногдуулсан талаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан саяхан 1/1689 дугаарын албан бичгээр ХЭҮК-т мэдэгдлээ.
Ташрамд дурдахад, ХЭҮК-оос коронавирусийн халдвар авсан иргэдийн гэрийн тусгаарлалт, ажиглалтын хүрээнд авч буй арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад эрх зүйн бичиг баримт, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хөнддөг болохыг бусад төрийн байгууллагынханд ч анхааруулж, ХЭҮК-ийн гишүүний зөвлөмжийг 21 аймгийн Засаг дарга нарт хүргүүлсэн байна.