
Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн ихэнх улс манайхаас зорчигч, жуулчин хүлээн авахгүй байгаа. Тодруулбал, Токио, Стамбул, Франкфурт, Алматы, Сөүл, Нур султан хот руу л нислэг үйлдэж буй. Гэвч манай улсаас БНСУ-ыг зорьж буй иргэдээс коронавирусийн халдвар илрэх болсон тул өнгөрсөн сарын 24-нөөс эхлэн тухайн улс нислэгээ цуцалж эхэлсэн. Олон удаагийн нислэг цуцлагдсаны дараа энэ сарын 10, 11-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд МИАТ-ийнхэн онгоц хөөргөх байсан. Гэвч БНСУ-ын талаас эл нислэгүүдийг дахин цуцлах шийдвэр гаргалаа. Иймээс иргэд энэ сарын 18-наас эхлэн БНСУ руу хуваарийн дагуу зорчих боломжтой гэнэ. Харин оюутан болон тус улс рүү яаралтай зорчих шаардлагатай хүмүүс энэ сарын 15-ны "Asiana Airlines" компанийн нислэгээр зорчих боломжтой аж.