
Банкны салбарын энэ оны эхний хагас жил, II улирлын тайланг Монголын банкны холбооноос өчигдөр танилцууллаа. II улиралд олгосон зээлийн хэмжээ өмнөх улирлынхаасаа 57 хувиар өссөн бөгөөд эхний хагас жилийн байдлаар 20 их наяд төгрөгт хүрчээ. Үүнд Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж буй нь голлон нөлөөлсөн байна. Банкуудын эх үүсвэр буюу татан төвлөрүүлсэн төгрөг, валютын хадгаламж, харилцах дансны үлдэгдлийн нийт хэмжээ 26 их наяд төгрөг болжээ. Үүнээс төгрөгийн хадгаламж 14.9 их наядаас даван, жилд 36 хувиар өсөв. Харин өнгөрсөн зургадугаар сарын байдлаар банкны салбарын нийт зээлийн багцад хугацаа хэтэрсэн зээл долоо, чанаргүй нь 11 хувийг эзэлжээ. Үлдсэн зээлийн 20 хувь нь цах тахлын улмаас ямар нэгэн байдлаар хугацаа хэтрэх, найдваргүй зээлдэгчид үүсэх магадлал бүрдэж буйг дээрх холбооны гүйцэтгэх захирал Л.Амар дурдав. Ялангуяа Хөгжлийн банк, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон их хэмжээний хөрөнгө эрсдэлд орсон, зарим банк дампуурсан нь системийн нийт үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж буй аж. Тиймээс чанаргүй зээлийг барагдуулах, санхүүгийн эх үүсвэр олох талаар хууль эрх зүйн орчин бүрдүүлж, бодлого боловсруулах хэрэгтэйг мөн онцлов.