
"Петровис" групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутагт коронавирусийн халдварын тоо эрс нэмэгдэж буйтай холбогдуулан Багануур дүүрэг болон 21 аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч 22 аппаратыг хандивлалаа. 55 сая төгрөгийн үнэ бүхий аппаратаас гадна яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг орон нутгийн эмнэлгийн автомашины хэрэгцээнд 22 сая төгрөгийн шатахууны эрхийн бичиг олгох гэнэ.
Улсын хэмжээнд коронавирусийн халдвараар өвчилсөн, өвчний улмаас нас барсан хүний тоо өссөнөөр эмнэлгүүдэд хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратын хэрэгцээ, шаардлага нэмэгдсэн. Энэхүү аппаратыг халдварт өвчний хүндрэлийн үед ашигладаг бөгөөд өвчтөний амь эрсдэх аюулыг 2-4 дахин бууруулдаг байна.