
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд эдийн засаг, стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр, бүтээн байгуулалтад нэн шаардлагатай бараа, түүхий эд, тоног төхөөрөмжийг хилийн боомтуудаар шуурхай нэвтрүүлэх арга хэмжээ авчээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гаргаас эхлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 170 гаруй автомашин ачааг Замын- Үүд-Эрээн боомтоор богино хугацаанд татан авах ажлыг зохион байгуулах бэлтгэл хангаж байгаа аж. Тус боомтоор өдөрт дунджаар 100-120 автомашин ачаа нэвтрүүлж буй агаад үүний 40-45-ыг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн ачаатай автомашин байлгах гэнэ. Ингэснээр энэ долоо хоногт багтаан тус үйлдвэрийн ачааг татан авч дуусгах юм байна. Улмаар газрын тос боловсруулах үйлдвэр, Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын бүтээн байгуулалт, дулаан, цахилгааны шугам сүлжээний засвар үйлчилгээнд шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхээр зохицуулж буйг Зам, тээврийн хөгжлийн яамныхан дуулгав. Цар тахлаас өмнө Замын-Үүд-Эрээн боомтоор өдөрт 250-300 ачааны автомашин нэвтэрч байжээ. Тэгвэл коронавирусийн халдвар дэгдсэнээр хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа билээ.
Замын-Үүд-Эрээний боомтод ийм арга хэмжээ авч ажиллаж байгаа бол Гашуунсухайт-Ганцмод боомтоор өнгөрсөн сарын 31-ээс нүүрс үргэлжлүүлэн экспортолж эхэлсэн. Ингэхдээ тээврийн жолоочийн тухайн өдөр өгсөн PCR шинжилгээний хариу сөрөг байх шаардлага тавьж буй. Экспортыг үргэлжлүүлснээс хойш өнгөрсөн бямба гараг хүртэлх хугацаанд тус боомтоор нийт 860 орчим автомашин нэвтэрч, 108 870 тонн нүүрс гаргажээ. Түүнчлэн манай талаас хилийн зурвас 30 га газарт чингэлэг тээврийн гаалийн хяналтын бүс бүхий терминал байгуулсан. Чингэлгээр тээвэрлэж эхэлснээр хилийн нэвтрэлт нэмэгдэж, экспорт өсөн, нүүрсний чанар алдагдахаас сэргийлэн, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл багасах давуу талтай. Мөн хоёр улсын хил хооронд богино рейсээр чингэлгээр нүүрс тээвэрлэснээр экспорт одоогийнхоос жилд 10 сая тонноор нэмэгдэх тооцоо гарсан байна.