
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын Залуучууд солилцооны цахим хөтөлбөр эхэлжээ. Солилцооны хөтөлбөрийн гол зорилго нь хоёр улсын залуучууд өөрийн орны түүх соёл, ахуй, ёс заншил, боловсрол, байгаль, нийгэм эдийн засаг, бүтээн байгуулалт хөгжлийн талаар харилцан таниулах замаар хоёр орны найрсаг харилцаа, талуудын залуучуудын асуудлаарх хамтын ажиллагааг хөгжүүлэх юм. Өмнөх жилүүдийн солилцооны хөтөлбөр нь хоёр улсад харилцан зочилж, хоёр улсын түүх, соёл, нийгмийн хөгжлийн ач холбогдол бүхий газруудаар аялж, харилцан суралцаж байсан. Өнөө жилийн хувьд дэлхийн нийтийг хамраад буй "Ковид-19" цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохиох болжээ. Энэ хүрээнд залуучууд цахимаар танилцаж, багаар ажиллах, хоорондоо мэдлэг, мэдээлэл, туршлага солилцож, харилцан суралцах шинэ арга барилаар цахим хөтөлбөрт хамрагдаж буй. “Ковид цар тахлын дараах амьдрал болон Ирээдүйн ажил мэргэжил” гэсэн хоёр сэдвийн хүрээнд хоёр орны залуус хэлэлцүүлэг өрнүүлж, монгол-солонгосын залуу төлөөллөөс бүрдсэн багууд маань хоёр долоо хоногийн турш цахимаар харилцаж, багийн ажил гүйцэтгэж байна. Хөтөлбөрийн нээлтийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Хоёр орны залуучууд хувь хүний хөгжил, соёл, урлаг, спорт, техник технологийн дэвшил, нийгмийн хөгжлөөс харилцан суралцах, залуучуудын хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өндөр ач холбогдолтой энэхүү арга хэмжээ нь улам өргөжин хүрээгээ тэлж, олон залуучуудыг хамруулж, улсын үнэт баялаг болсон залуучуудын хувь хүний хөгжил, оролцоог дэмжиж, залуучууд санаачлагч, бүтээлч, манлайлагч байж улс орныхоо хөгжил, дэвшилд илүү их хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэсэн юм.