
Шатахуун түгээх станцуудад шатахууны хомстол үүссэн гэх мэдээлэл цахим орчинд түгээд буй. АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас энэ талаар тодрууллаа.
-Иргэдээс “Шатахууны хомстол үүссэн байна” гэх мэдээлэл цөөнгүй ирлээ. Энэ үнэн үү?
-Эл мэдээлэл худлаа. Манай улсад шатахууны 20 хоногийн нөөц бий. Амралтын өдөр татан авалт хийдэггүй зарим байгууллагууд өглөө шатахуун худалдаалаагүй билээ. Гэхдээ бид эл зөрчлийг яаралтай арилгуулж, үдээс хойш тус газрууд шатахуунаа хэвийн худалдаалж эхэлсэн.
-Цахим орчинд ийм худал мэдээлэл тарах нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Иргэд цахим орчинд байршуулсан эх сурвалжгүй мэдээллийг хараад тээврийн хэрэгслийн түлш хадгалах саваа дүүргэж эхэлнэ. Энэ нь зохиомол хомстол үүсгэх эрсдэлтэй билээ. ОХУ, БНХАУ-аас шатахуун татан авах ажил хэвийн үргэлжилж буй. Мөн шатахууны үнэ өсөхгүй.