
Манай залуус Мэргэжлийн боловсон хүчний тухай шинэ журмын дагуу 2020 оноос эхлэн ХБНГУ-д Мэргэжлийн сургуульд албан ёсоор суралцах боломжтой болсон. Үүний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам МЭТОЦ ХХК-ийн дэргэдэх МЭТ Агентлагтай хамтран ХБНГУ-д Туслах сувилагчийн мэргэжлээр нэг хүнийг үнэ төлбөргүй сургахаар сонгон шалгаруулалт зарлажээ. Горилогч нь Монгол Улсын иргэн, 30 хүртэлх настай байх шаардлагатай. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ шаардах бөгөөд сувилагчийн анхан шатны мэдлэгтэй байх албагүй гэнэ. Тиймээс горилогч нь өөрийн намтар мөн хүсэл сонирхлынхоо тухай эсээ бичихэд л хангалттай аж.
Эхний шатанд 30 хүн шалгаруулж, IQ тест авах юм байна. Улмаар 10 хүн шалгаруулж, герман хэлний цахим сургалтад хамруулах гэнэ. Эцсийн шатанд тэднээс герман хэлний шалгалт авч, нэгийг нь сонгох юм. Горилогч та энэ сарын 13-наас өмнө амжиж, info@metots.mn цахим хуудас руу материалаа илгээрэй. Тэнцсэн нэг иргэн Германд гурван жил суралцах бөгөөд нэг хичээлийн жилд 28 хоногийн ээлжийн амралт авах эрхтэй гэнэ. Мөн амралтын 2 өдөр цагийн ажил хийх боломжтойн дээр сар бүр 750-1150 еврогийн тэтгэлэгтэй аж. Хамгийн гоё нь суралцаж, төгсөөд Европын холбоонд мэргэжил дээшлүүлэн суралцах боломжтой.