
Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж, салбарын боловсон хүчнийг бэлтгэх тал дээр анхаарч ажиллаж байна.

Гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын зарим сургуулийг түшиглэн зам, тээврийн салбарын боловсон хүчнийг бага, дунд, ахлах ангиас нь бэлтгэх, гүнзгийрүүлсэн сургалттай анги нээх, ахлах, лицей сургууль байгуулах зэрэг ажлын хүрээнд УБТЗ ХНН-ээс төмөр замын мэргэжлийн чиглүүлэх сургалттай гүнзгийрүүлсэн ангийг Ерөнхий боловсролын таван сургуульд нээгээд байна. Тухайлбал, Ган зам 20-р сургууль, 73-р сургууль, Дархан сумын 18-р сургууль, Сайншанд сумын 3-р сургууль, Замын-Үүд сумын 1-р сургуулиудад тус тус нээж, 2020-2021 оны хичээлийн жилд төмөр замын чиглүүлэх сургалттай XII ангийн нийт 95 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдаж, гадаад болон дотоодын их дээд сургиулуудад элсэн орж, амжилт үзүүлжээ.

Төмөр замын мэргэжлээр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт эдгээр ЕБС-ийн сурагчдаас 28 сурагч бүртгүүлж 21 сурагч ОХУ-ын Зам харилцааны их сургуульд элсэн суралцахаар тэнцсэн байна. Мөн Төмөр замын дээд сургууль болон Политехникийн коллежид 26 сурагч элсэн орсон бөгөөд бусад сурагчид мэргэжлийн чиглэлээр МУИС, ШУТИС, МУБИС гэх мэт нэр хүнд бүхий дотоодын их, дээд сургуулиудад суралцахаар тэнцжээ.