
Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж Солонгос, Казахстан зэрэг улс руу үйлдэх төлөвлөгөөт нислэг удаа дараа цуцлагдаж буй. Тэгвэл өнөөдөр “Улаанбаатар - Алматы – Улаанбаатар” чиглэлийн нислэг мөн л цуцлагдсан талаар Хүннү Эйр ХХК-аас мэдээлжээ. Тодруулбал тус компани:
“Хүннү Эйр ХХК есдүгээр сард “Улаанбаатар-Алматы-Улаанбаатар” тусгай үүргийн нислэг үйлдүүлэх зөвшөөрлийг хүссэн. Гэвч Казахстаны тал өнөөдрийг хүртэл нислэгийн зөвшөөрлийн талаар албан ёсны хариу өгөөгүй байгаа бөгөөд ингэхдээ, тус улсын онцгой комиссын хурлын горим өөрчлөгдсөн, аливаа асуудлыг хэлэлцүүлэхдээ бусад төрийн байгууллагуудаас холбогдох саналыг авсны дараа онцгой комиссын хуралдаанд оруулж хэлэлцдэг болсон тул хугацаа их шаардагдаж байгаа хэмээх тайлбарыг утсаар мэдэгдсэн болно. Хүннү Эйр ХХК-ийн хувьд өөрсдийн зүгээс шалтгаалах бүх бэлтгэлийг хангасан бөгөөд өмнөх нислэгүүдийн зөвшөөрөл тухайн өдрийн нислэгийн хуваарьт цагаас хоцорч ирдэг байсан тул зорчигч нарт хүндрэл учруулахгүйн тулд бүртгэлийг урьдчилсан байдлаар хийж, нислэг гарахад бэлэн байдалд байх арга хэмжээ авдаг байсантай адил өнөөдрийн нислэгийн бэлэн байдлыг хангасан боловч нислэгийн зөвшөөрөл одоо хүртэл ирээгүй байна. Иймд өнөөдрийн УБ-Алматы-УБ чиглэлийн нислэг цуцлагдаж байгааг мэдэгдэж байна” хэмээн мэдэгдэл гаргажээ.
Үүссэн нөхцөл байдлын талаар ГХЯ, Иргэний нисэхийн ерөнхий газраас тодруулахад “Манай улсын халдварын тохиолдлоос шалтгаалж тухайн улс нислэг үйлдэх зөвшөөрөл өгч байгаа. Жишээлбэл, өмнөх өдөр нь халдварын тохиолдол ихэсвэл маргаашийн нислэгийг тухайн улс хүлээж авахгүй” гэв. Иргэд ПСР шинжилгээний хуурамч хариу авч очих нь ч нислэг цуцлагдах шалтгаан болж буйг албаныхан мэдээллээ. Ямартай ч "Буух эзэнгүй, буцах газаргүй" эл нөхцөл байдалд иргэд ПСР шинжилгээний 98 мянган төгрөгөөрөө хохирч үлдлээ.