
Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байх тухай УИХ-ын шийдвэр 1996 онд гарсан. Эл өдрийг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ болон хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэлмэгдэгсдийн дурсгалыг 26 дахь жилдээ хүндэтгэн өнгөрүүллээ.

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос мэдээлснээр:
- Улс төрийн хэрэгт шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31,314 иргэнийг цагаатгасан.
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу нийт 71 тэрбум 815 сая төгрөгийн нөхөх олговрыг цагаатгагдсан хэлмэгдэгч, түүний гэр бүл, үр хүүхэд, ач, зээ, ах, эгч, дүү, ач дүү, зээ дүү зэрэг 19,225 иргэнд олгоод байна.
- Түүнчлэн улсын хэмжээнд хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай – 31, хөшөө – 79, суварга – 47, самбар – 29, дурсгалын багана – 27, музейн булан – 16 зэрэг нийт 229 объект байна.