
Манай улсын ихэнх сургуулийн хувьд сурагчид анги танхимдаа сурах бичиг, гарын авлага, хичээлийн хэрэгслээ хадгалаж үлдээх хувийн шүүгээ байхгүйн улмаас хүүхдүүд өдөр бүр гэр, сургуулийн хооронд хүнд цүнх үүрч явдаг. Тухайлбал, ДЭМБ-аас сурагчдын цүнхний жин тухайн сурагчийн биеийн жингийн 10%-иас хэтрэх ёсгүй гэж заасан байдаг ч, бодит байдал дээр манай сурагчид биеийн жингийн индексээс 15-20 хувиар илүү цүнх үүрдэг нь судалгаагаар тогтоогдсон байна.
Ялангуяа дунд ангид буюу 11-13 насанд хүүхдийн өсөлтийн хамгийн идэвхтэй үе байдаг бөгөөд энэ үед хүнд цүнх үүрснээр хүүхдийн өсөлт муудах, нуруу нугасны өвчлөлд өртөх, сэтгэл санаанд нь сөргөөр нөлөөлөх, сурах хүсэл эрмэлзэл буурах зэрэг бие махбод болоод сэтгэл зүйн хямралд өртдөг аж.

Тиймээс “Өдөн цүнх” төслийн багийнхан нийслэлийн захын сургуулиудын нэг болох СХД-ийн 9-р сургуулийг сонгож, 6-р ангийн нэг бүлэгт нь шүүгээ тохижуулан, өнөөдөр хүлээлгэн өгчээ. Уг сургуулийн сурагчид дунджаар 5-6 км алхаж эсвэл 2 автобус дамжин, ойролцоогоор 30-60 минутын турш цүнхээ үүрч ирдэг гэх судалгаа бий.
Глобал Шейпэрс Улаанбаатар нийгэмлэгээс зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн залуу манлайлагч-2019” хөтөлбөрийн шилдэг оролцогч “Өдөн цүнх” төслийн багийнхан нийслэлийн СХД-ийн 9-р сургуульд 30 нүд бүхий шүүгээ (locker) хүлээлгэн өгчээ. Уг төслийн зорилго нь өөрсдийн зорилтот бүлэг болох ЕБС-ийн дунд ангийн сурагчдын цүнхний ачааллыг бууруулж, суралцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх юм.