
Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо хуралдлаа. Энэ удаа нийслэлийн газар олголт болон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулахтай холбоотой мэдээллийг хариуцсан хүмүүсээс нь сонссон байна. Нийслэлийн дүүргүүдийн газрын албаны үйл ажиллагааны хүнд суртал, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулахтай холбоотой гомдол, санал хамгийн их ирж байгаа учраас тухайлан ярилцжээ.
Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах журмыг шинэчилж, нийтэд ил тод, нээлттэй, тэгш өрсөлдөх боломжийг хангасан, түргэн шуурхай, цахим болгохоор ажиллаж байгааг дуулгав. Ингэхдээ сонгон шалгаруулалт зарлах талбайг жилд нэг удаа нээлттэй зарлах гэнэ. Харин Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албаны төлөөлөл танилцуулахдаа “Тухайн иргэн эзэмшиж байгаа газрынхаа эрхийг шилжүүлэх гэж байгаа бол хүсэлтээ цахимаар илгээх боломжтой. Өмнө нь Газрын алба хүнээс хэт хамааралтай байсан бол одоо төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх ажил эхэлсэн” хэмээн дурдлаа. Газрын тухай багц хуулийг яаралтай батлах хэрэгтэйг ч хэлж байлаа.
Хурлын төгсгөлд Ерөнхий сайд, тус хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ “Олон хууль, журам батлахад хугацаа алдана. Хэрэгжилтийг түргэвчлэхийн тулд Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хуульд газрын харилцаа, ашигт малтмалын лицензийг сонгон шалгаруулахтай холбоотой заалтуудыг оруулан боловсруулж, мэдээллийг нь ил тод болгох хэрэгтэй. Мөн янз бүрийн код өгч, төөрөгдүүлэх хэрэггүй. Төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн систем бий болгож, өөрсдийн чиг үүргийн дагуу иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсгэлгүйгээр хариуцлагатай ажиллах ёстой” хэмээн даалгалаа.