
Их, дээд сургуулиудын танхимын хичээл өнөөдрөөс эхэлж байна. Нийслэлд жил бүр 70-80 мянган оюутан сурагчид хөдөө орон нутгаас ирж, МСҮТ, их, дээд сургуульд суралцдаг. Тэдний хувьд хичээлийн эхний улиралд хотод дасан зохицох, зорьсон газраа саадгүй зорчихоос эхлээд багагүй бэрхшээл учирдаг. Тиймээс НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс шинэ оюутнуудад зориулсан “Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээг зохион байгуулж, тэдэнд зориулсан гарын авлага тарааж, танилцуулга мэдээлэл хийнэ гэнэ. Гарын авлагад Улаанбаатар хотын иргэний мэдэж байх анхан шатны мэдээллүүдийг багтаасан бөгөөд нийтийн эзэмшлийн эд зүйлс, ногоон байгууламжийг хэрхэн хамгаалах, хотын иргэний соёл, дадлын талаар дурдсан байна. Мөн автобусны чиглэл, цагийн ажил, онцгой байдал, цагдаа, галын дуудлага, түргэн тусламжийн болон номын сангуудын утасны жагсаалтыг ч багтаажээ.