
БНХАУ-ын Хэнань мужийн Жумадиан хотод байрлах Хятадын Ардын Чөлөөлөх Армийн энхийг дэмжих ажиллагааны “Куесан” сургалтын төвд “Хамтын хувь заяа-2021” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургууль төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж, сургуулийн нэгдүгээр шат буюу салаадын энэ сарын 11-нд өндөрлөжээ. Сургуулийн энэ шатанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын салаа БНХАУ-ын ХАЧА-ийн цэргийн алба хаагчдын үндсэн зэвсэг болох “QBZ92” загварын 5,8 мм-ийн автомат буу болон “92В” загварын хуягт тээвэрлэгчийг хүлээн авч, жолоодлогын дадлага болон буудлагын зэвсгийн дасгалыг боловсруулсан бөгөөд “Түр ажиллагааны бааз байгуулах”, “Баазын харуул хамгаалалт болон явган эргүүл”, “Чухал хүний хамгаалалт”, “Цувааны хамгаалалт”, ”Энгийн иргэдийг хамгаалах”, “Террорист үйлдлийг сөрөх тусгай ажиллагаа” сэдэвт хичээлүүдийг онол, дадлагаар хээрийн байрлалд зохион байгуулсан гэнэ.
ХАЧА-ийн энхийг дэмжих ажиллагааны “Куесан” сургалтын төвийг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх ЦАХ, цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэл, түүнчлэн олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулахаар 2019 онд байгуулсан бөгөөд дулаан орны байгаль, цаг уурын онцлог, ард иргэдийн аж амьдралын байдал зэрэгт нийцүүлсэн дуурайлган үзүүлэх төхөөрөмжлөлийг иж бүрнээр тоноглосон, ялангуяа Африкийн нөхцөл байдлыг сайтар тусгаж төхөөрөмжилсөн нь дадлага, сургалтыг бодит цагийн байдалд ойртуулан олон талт байдлаар үр дүнтэй зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн талаар албаныхан мэдээллээ. Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн оролцож буй энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль нь Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх, хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой аж.