
Гашуунсухайтын боомтоор урд хөрш рүү нүүрс тээвэрлэх автомашины тоог цөөрүүлжээ. Дээрх боомтоор нүүрс тээвэрлэдэг нэгэн жолооч “Өнгөрсөн долоо хоногийн ажлын сүүлийн гурван өдөр Хятадын тал биднийг хил нэвтрүүлсэнгүй. Коронавирусийн тархалттай холбоотойгоор ийм арга хэмжээ авах шиг боллоо” гэв. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тодруулахад “Өнгөрсөн лхагва, пүрэв гарагт Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Замын-Үүдийн боомтоор нийт 430 орчим автомашин нүүрс гаргасан. Харин баасанд Гашуунсухайтын боомтоор нүүрс экспортлоогүй байна. Өнөөдөр (өчигдөр) тээвэрлэлт хэвийн үргэлжилсэн, эсэх талаар мэдээ алга” гэлээ. Гашуунсухайтын боомтоор сүүлийн хоёр долоо хоногт өдөрт дунджаар 200 автомашин нэвтрүүлж байсан бол өдгөө тоо нь огцом буурчээ. Ташрамд дурдахад, Гашуунсухайтын боомтоор нүүрс нийлүүлэх зорилгоор хилийн зурваст манайх 30 га газарт чингэлэгт терминал байгуулан, наймдугаар сарын 24-нд туршилтын тээвэр хийсэн. Улмаар чингэлэг тээврийн явцад баримтлах түр журмыг батлахаар БНХАУ руу албан бичиг илгээсэн ч тохиролцож чадаагүй хэвээр байна.