
Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулжээ. Ингэхдээ үйлчилгээний байгууллагуудтай хийсэн хариуцлагын гэрээг чанд мөрдүүлэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ, найр, хурим хийхгүй байхад анхаарах хэрэгтэйг онцолсон байна. Халдварын тохиолдол өсөхийн хэрээр эмч, ажилчдын ачаалал нэмэгдэж, ор хүрэлцэхгүй болж байгааг ч учирлажээ. Улмаар эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх, эргэлтийг нь сайжруулахыг Ерөнхий сайд Эрүүл мэндийн сайд болон нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон байна.
Өчигдрийн байдлаар коронавируст халдвараар 10 хүн нас барж, нийт тохиолдол 1114-т хүрэв. “Ковид”-ын халдвартай 20 702 хүн улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 62.7 хувь нь хөнгөн, 27.6 хувь нь хүндэвтэр, 8.1 хувь нь хүнд, 1.5 хувь нь буюу 315 хүн маш хүнд байгаа аж. Нас баралтыг бууруулахад анхаарч, аль болох эндэгдэл гаргахгүй байхыг Ерөнхий сайд даалгасан байна. Манай улсад вакцинжуулалт 65 хувьд хүрч, гуравдугаар тунд 212 мянган хүн хамрагджээ. Оноос өмнө зорилтот бүлгийн иргэдийн 60 хувийг дархлаа сэргээх буюу гуравдугаар тунд хамруулахад анхаарч, вакцинжуулалтын цэгийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж Ерөнхий сайд хэлсэн байна. Мөн төрийн байгууллагууд олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурал, чуулган зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ.
Бэлтгэсэн Б.Уран