
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Элчин сайд Б.Баярсайхан, ХБНГУ-д суух Элчин сайд Б.Мандахбилэг, Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Элчин сайд Д.Баярхүү, Бүгд Найрамдах Турк Улсад суух Элчин сайд Г.Мөнхбаяр нарт өчигдөр итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүсэв. Эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, сахилга бат, дэг журамтай, нэг цонхоор харж ажиллахыг Төрийн тэргүүн Элчин сайд нарт захилаа. Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, ялангуяа гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутгийн хэмжээнд эх орноо сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт татахад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм. Өнгөрсөн долдугаар сарын эхэнд Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу 20 гаруй оронд суух Элчин сайдыг томилох, эсэхийг УИХ хэлэлцэн дэмжсэн. Тэдгээрийн түрүүч нь итгэмжлэх жуух бичгээ авсан нь энэ.