
Засгийн газрын ээлжит хуралдаанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Гашуунсухайт хилийн боомтын өнөөгийн нөхцөл байдал, шинээр байгуулж буй Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын явцын талаар танилцууллаа. Терминалыг ашиглалтад оруулах ажлын хүрээнд нүүрс олборлогч аж ахуйн нэгжүүдийн шаардлагатай бэлтгэлийг хангуулах, худалдан авагч аж ахуйн нэгжүүдтэйгээ нүүрс тээврийн төлөвлөгөөг өдөр бүрээр нарийвчлан гаргаж, гаалийн урьдчилсан бүрдүүлэлт хийх зэрэг ажлыг энэ сарын 23-ны дотор багтаан хийж гүйцэтгэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгав. Терминал байгуулах ажлыг энэ оны долдугаар сарын 6-наас эхлүүлсэн юм.
Хилийн боомтуудад чингэлэг тээврийн терминал байгуулснаар хүн хоорондын шууд харилцаа багасаж, жолооч нар хил нэвтрэхгүйгээр шуурхай ажиллах боломж бүрдэх юм. Мөн нүүрсний тээвэрлэлтээс үүдэлтэй байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөлөл багасаж, нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэнэ. Чингэлэг тээврийн терминал нь 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, өдөрт 800 чингэлгээр тээвэр хийж, жилд найман сая тоннн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж буйг албаныхан мэдээллээ.