
Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс “Миний хотын гудамжууд” дүрслэх урлагийн улсын уралдааныг өнгөрсөн наймдугаар сард сурагчдын дунд зарласан юм. “Хотын хэмнэл”, “Орон зайн тоолол”, “Пленэрийн судалбар зураг” сэдвээр төрөлжүүлэн зохион байгуулсан уралдаанд оролцогчид нийт 129 бүтээл ирүүлжээ. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Х.Дамдинсүрэн тэргүүтэй “Улаанбаатар” олон улсын дүрслэх урлагийн наадмын уран бүтээлчид уралдааныг шүүж, шилдгүүдийг өчигдөр тодрууллаа. Бага насны ангилалд “Монгени” цогцолбор сургуулийн тавдугаар ангийн сурагч Б.Баярцэцэг, дунд буюу 11-13 насны ангилалд “Хүмүүн” дунд сургуулийн Э.Хонгорзул нар шилдгээр тодорчээ.
Бэлтгэсэн А.Тайшир