
Үндэсний соёл амралтын хүрээлэнд өчигдөр "DIGITAL NATION 21"-ийн нээлт болсон. Засгийн газар, Соёлын яам хамтран зохион байгуулсан тус арга хэмжээний нээлтэд оролцсон иргэд хүн хоорондын зай, халдвар хамгаалалтын дэглэмээ баримтлаагүйг шууд дамжуулалтын бичлэгээс харж болно. “Төр нь иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж” буй мэт иргэдийг олноор цуглуулсан нь багагүй шүүмжлэл дагууллаа. Үүний хор уршгаар ирэх долоо хоногт батлагдах халдварын тохиолдол хоёр дахин нэмэгдэх магадлалтай гэж албаныхан таамаглаж буй.


Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа, мөн сургууль, цэцэрлэгийн сургалтыг эхлүүлсэнтэй холбоотойгоор халдварын тархалт нэмэгдэх өндөр эрсдэлтэй хэмээн үзэж төрийн болон ААН, иргэний аливаа арга хэмжээ зохион байгуулах хүсэлтийг хүлээн авахгүй байгаагаа НОК-оос албан бичгээр мэдэгдсэн. Харилцаа холбоо мэдээллийн технологийн газарт хүргүүлсэн албан бичигт "Цахим үндэстэн-Digital Nation 21" арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүй гэдгийг тодорхой хэлжээ.