
Санхүүгийн зохицуулах хорооны өнгөрсөн долоо хоногийн хурлын тогтоолоор “ЛэндМН ББСБ” компанийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд нэг бүр нь 100 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий “Лэнд” бондыг арилжихыг зөвшөөрлөө. Уг бонд нь хоёр жилийн хугацаатай, жилийн 13-14 хувийн хүүтэй бөгөөд нийт 5.6 тэрбум төгрөгийн үнэтэй 56 000 ширхэг өрийн хэрэгсэл юм. Үнэт цаасны танилцуулгад тусгасны дагуу энэхүү бондыг хэсэгчлэн арилжих ба эхний ээлжийнх буюу хоёр жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, 25 000 ширхэг өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн захиалгыг өнөөдөр эхлүүлэх юм. Энэ сарын 30-ны 10.00-15.00 цаг хүртэл захиалга хүлээн авах аж. ”Лэнд” бондын үндсэн андеррайтераар “Өлзий энд ко капитал” үнэт цаасны компани ажиллаж буй бөгөөд татан төвлөрүүлэх хөрөнгийг 100 хувь бүрдүүлсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй.
Бэлтгэсэн С.Цэрэн