
Монгол Улсын шинжлэх ухааны ууган байгууллага Судар бичгийн хүрээлэнгийн 100 жилийн түүхэн ой энэ онд тохиож байна. Уг ойтой холбоотойгоор өнгөрсөн баасан гарагт нэгэн үйл явдал болж, буурал эрдэмтэд, дунд, залуу үеийнхэн цуглав. Тодруулбал, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгээс Монгол Улсын их, дээд сургуульд хэл шинжлэл, утга зохиол судлалаар суралцаж буй магистр, докторант, залуу судлаачдыг дэмжих “Эрдмийн хишиг” тэтгэлэгт хөтөлбөрийнхөө нээлтийг зохион байгуулсан юм. Тус хүрээлэнгийн хамт олон 100 жилийн ойн хүрээнд магистрант, докторантын судалгааны ажлыг дэмжих, суралцах нөхцөлийг хангахад туслах зорилгоор “Эрдмийн хишиг” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж буй. Эрдэм хийгээд хишгийг хамтад нь хүртээх хөтөлбөрт гурван улсын магистр, докторантуудыг хамруулжээ.
Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, профессор Ж.Бат-Ирээдүй “Манай салбарынхан Шинжлэх ухааны академи байгуулсны 100 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэж байна. Бид Судар бичгийн хүрээлэнгийн анхны гал голомтыг сахин суугаагийн хувьд ирээдүй үедээ үнэ цэнтэй өв үлдээхийг зорилоо. Үүний хүрээнд нийгэм рүү чиглэсэн олон ажил зохион байгуулсны нэг нь “Эрдмийн хишиг” тэтгэлэгт хөтөлбөр. Боловсрол, шинжлэх ухааны сайд “Шинжлэх ухааны болон боловсролын байгууллагын хамтран ажиллах нөхцөлийг идэвхжүүлье” хэмээн онцолсон. Тиймээс бид улсынхаа их, дээд сургуульд сурч байгаа ахисан түвшний суралцагчдын дунд Монголдоо төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтдийн нэрэмжит тэтгэлэг зарлалаа. Цаашлаад залуустай хамтран ажиллаж, эрдэм шинжилгээний өгүүллийг нь хэвлүүлнэ. Эрдмийн болон судалгаа шинжилгээний ажилд нь зөвлөгөө өгнө” гэлээ.

100 жилийн түүхт энэ хүрээлэнгээс Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринчен, Шадавын Лувсанвандан, Амгаагийн Лувсандэндэв, Пүрэвийн Хорлоо, Хорлоогийн Сампилдэндэв, Далантайн Цэрэнсодном, Домын Төмөртогоо, Лувсандоржийн Болд нарын есөн академич төрсөн аж.
“Эрдмийн хишиг” тэтгэлэгт хөтөлбөрийг энэ жил анхлан зарлаж буй. Цаашид жил бүр зарлана гэдгээ тус хүрээлэнгийн удирдлага онцолсон. Анхны жилдээ академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит хөтөлбөрт утга зохиол судлалаар ахисан түвшний нэг хүнийг шалгаруулна. Мөн академич Б.Ринчений нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт аман билиг, соёл судлалаар ахисан түвшний нэг хүнд тэтгэлэг олгох нь. Түүнчлэн академич Ш.Лувсанванданы нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт хэл шинжлэлийн чиглэлийн ахисан түвшний нэг, нийт гурван судлаачийг шалгаруулах юм байна.
Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн хүн бүрт ижил тэгш боломж олгожээ. Юу гэвэл бүртгүүлсэн бүх судлаачийг энэ хичээлийн жилийг дуустал Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтдийн сургалтад хамруулна. Цар тахлын нөхцөлөөс хамааран магистр, докторантууд цахим болон танхимын сургалтад сэлгэн суралцана. Эцэст нь доктор, профессоруудын оюуны далайгаас хэн их “шанагадаж”, эрдмийн хишиг илүү хүртсэн гурав нь тэтгэлгийн эзэн болно. Өөрөөр хэлбэл, залуу судлаачид эрдмийн хишиг ч хүртэнэ, мөнгөн шагнал ч авна.

Эл хөтөлбөрөөр дамжуулан Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачид мэдсэн сурснаа харамгүй түгээх нь. Тус хүрээлэнд доктороос дээш цолтой 26 судлаач ажиллаж буй аж. “Эрдмийн хишиг” анхны тэтгэлэгт хөтөлбөрт МУИС-ийн докторант Х.Урьхан, Чой Юүн Со, Ри Юүн Жин, Х.Чойдогжамц, Г.Нанжидсүрэн нарын монгол, гадаадын судлаачид оролцохоор болжээ. Мөн МУБИС-ийн докторант Э.Эрдэнэзуу, А.Ванчигмаа, магистрант Б.Пүрэвжав, ШУТИС-ийн магистрант Э.Есөнжаргал, Улаанбаатарын их сургуулийн докторант Д.Мөнх-Отгон, Б.Базаргүр, Б.Мөнх-Эрдэнэ, Г.Батмөнх нарын 20 орчим залуу судлаач оролцож байна.
МУИС-ийн докторант Х.Чойдогжамц “Утга зохиолын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийдэг. Хэл зохиолын хүрээлэнгээс “Эрдмийн хишиг” тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, магистр, докторантуудыг дэмжиж буй талархъя. Их, дээд сургууль болон шинжлэх ухааны байгууллага хамтарч ахмад, дунд үеийн холбоог уялдуулж, залуу судлаачдаа дэмжиж байгаа нь сайшаалтай. Хөтөлбөрт хамрагдсанаар маш их таатай боломж, ховор үр өгөөж надад ирнэ” хэмээлээ.
БНСУ-аас Монголд суралцаж буй Чой Юүн Со “Би МУИС-ийн монгол хэл шинжлэлийн докторант. Юуны түрүүнд надад ийм сайхан хөтөлбөрт оролцох боломж олгосон Хэл зохиолын хүрээлэнгийн удирдлага, зохион байгуулагчдад талархал илэрхийлье. Надад энэ тэтгэлгээс шагнал авах биш, харин эрдэмтэй багш нараас олон зүйл сурч мэдэх нь чухал. Үүнд их баяртай байна. Би орчин цагийн монгол хэлийг турк, солонгос хэлтэй харьцуулан судалж байгаа. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар миний судалгааны чанар илүү сайжраад зогсохгүй, энэ нь монгол хэл шинжлэлд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Мөн оюутан Х.Урьхан “Би ӨМӨЗО-ы Бугат хотоос ирсэн. МУИС-д монгол хэл, хэл шинжлэлийн докторантаар суралцдаг. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс зарласан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж олгосон эрхэм багш нар, зохион байгуулагч нарт талархаж байна. Эрдэмтэн багш нараасаа судалгааны арга зүйг хичээнгүйлэн суралцах болно” гэв.
Хэл зохиолын хүрээлэнг нь 1921 оны арваннэгдүгээр сарын 19-нд Судар бичгийн хүрээлэнгийн Дуун ухааны тасаг нэртэйгээр байгуулсан. Үндэсний хэл бичиг, соёл судлалын уламжлал, шинэчлэлийг хослуулж, эрдэм шинжилгээний өндөр түвшинд хүрсэн оюуны бүтээл туурвихыг зорьж ажилладаг тус хүрээлэнгийнхэн 100 жилийн ойгоо угтаж “100 жил 100 зураг” хэмээх эрдэмтдийн хамтын бүтээл гаргаснаа энэ үеэр танилцуулсан. Номд 60, 50, 40, 30, 20 настай судлаач, эрдэмтдийн бүтээлийг сорчилж оруулжээ. Хожмын өдөр залуус хүрээлэнгийнхээ үүх түүхийг судалж бичихэд эл ном туслах учиртайг эрдэмтэд онцолж байлаа. Мөн бичгийн их хүмүүн Б.Ринчений хэрэглэж байсан номын ширээ, бичгийн машин зэрэг үнэ цэнтэй үзмэрийг олон нийтэд танилцуулж байв.