
Хүнд үйлдвэрийн салбарын гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс дурдвал өнгөрсөн оны эцсийн байдлаар нүүрсэн түлш 553.4, катодын зэс 9.5, металл бэлдэц болон цувимал 31.9, цахилгааны утас 74.3, кокс 9.9 мянган тонныг бэлтгэжээ. Үүнээс 7.1 тэрбум ам.долларын орлого олсон ч боловсруулсан бүтээгдэхүүн буюу катодын зэсийн нийлүүлэлт эл дүнгийн ердөө нэг хувийг бүрдүүлсэн юм байна. Ер нь нийт экспортын 90 орчим хувийг бүрдүүлж буй уул уурхайн бүтээгдэхүүнийхээ 95 хувийг нь түүхийгээр нийлүүлж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас дурдлаа. Мөн 2015 онд баталсан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг 2020 онд хүчингүй болгожээ. Улмаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд ашигт малтмал хайх, газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох зэргийн талаарх зохицуулалтыг тусгасан бол хүнд үйлдвэрийн салбарыг орхигдуулан, төрөл, ангиллыг нь тодорхойгүй үлдээжээ. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан аж. Уг төсөл нь зургаан бүлэгтэй бөгөөд хүнд үйлдвэрийн салбарт тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд чиглэсэн байна. Манай улс байгалийн нөөц баялаг ихтэй давуу талдаа түшиглэн хүнд үйлдвэрийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах, дотоодын зах зээлийг хамгаалах, импортыг орлох, нэмүү өртөг шингээсэн, экспортын чиг баримжаатай хүнд үйлдвэрийг хөгжүүлэхэд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг Г.Ёндон дурдсан юм.
Бэлтгэсэн С.Дулам