
“Оюутолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдан гүний уурхайн бүтээн байгуулалтын нэмэлт санхүүжилтийг баталжээ. Тодруулбал, уг ажлыг гүйцэтгэх богино хугацааны хөрөнгө буюу ирэх нэгдүгээр сарын эхний хагасыг дуустал зарцуулах 75 сая ам.долларыг төсөвлөснөө мэдээллээ. Ингэснээр төслийн бүтээн байгуулалт зогсолтгүй үргэлжилж, туслан гүйцэтгэгч компаниуд ажилтай байх нөхцөл бүрджээ. “Оюутолгой” компанийн ТУЗ гүний уурхайн бүтээн байгуулалтыг хэрхэн үргэлжүүлэх, нэмэлт санхүүжилтэд эхний ээлжид хэр хөрөнгө зарцуулах талаар удаа дараа хуралдахаар товлон, үр дүнд хүрээгүй ч энэ удаа ийн шийдвэрлэв. Ташрамд дурдахад, далд уурхайг 5.3 тэрбум ам.доллар зарцуулж ашиглалтад оруулна гэж байсан нь 1.4 тэрбум гаруй “ногоон”- оор нэмэх шаардлага үүссэнийг хөрөнгө оруулагчид хэлсэн.
Бэлтгэсэн С.Дулам