Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны аравын даваанд Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын харцага О.Хангай, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат бөх, улсын харцага Б.Орхонбаяр нар уран мэхийг уралдуулан барилдлаа. Сүүлийн мөчид О.Хангай баруун талаас сугадаж мөрдөх мэх хийж, 32 насандаа түрүүлэв. Товчхондоо, Ховд нутгаас шинэ аварга төрж, Сэлэнгэ аймгаас шинэ арслан цолтон төрлөө. 24 насандаа арслан цолны болзол хангасан Б.Орхонбаярт нас байна, наадам ч байна даа. Ийнхүү Монгол түмний Бөх нь хүчтэй, Морь нь хурдан, Сум нь мэргэн сайхан наадлаа. Төв цэнгэлдэх хүрээлэнд уухайн дуу хадаж, Гавьяат жүжигчин У.Далантай БИ МОНГОЛ ХҮН дууг эгшиглүүлж байна.