Тайзны урлагийн хамгийн хүнд төрөлд багтах ганц хүний буюу моно жүжгийн “Үндэсний ялагч 2024” улсын уралдаан Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа боллоо. Найм дахь удаагаа зохион байгуулсан тус уралдаанд нийслэл болон орон нутгийн 30 гаруй жүжигчин хоёр өдрийн турш өрсөлдөж шилдгээ тодруулсан байна. Энэ удаагийн уралдаанд УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг “Дөргөнө хатны алтан зоос” жүжгээр тэргүүн байр эзэлжээ. Тэрбээр энэхүү уралдаанд түрүүлснээр ирэх есдүгээр сард зохион байгуулах “Ялагчийн цуваа” олон улсын наадамд оролцох эрхтэй болж байгаа юм.
Түүний хувьд АНУ-д багагүй хугацаанд ажиллаж, амьдарсан бөгөөд дөрвөн жилийн өмнө эх орондоо ирж, тайзны уран бүтээлдээ эргэн орсон юм. 2022 онд театртаа эргэн орсон тэрбээр хоёр жилийн хугацаанд “Сычуаны сайн хүн”, “Ромео Жульетта”, “Анна Каренина” “Миний аав супер баатар”, “Бүгд чамд хайртай” зэрэг жүжигт тогложээ. Үүнээс гадна жүжигчний замналаа эхлүүлснээс хойш “Боолын гэрээ”, “Орхидос”, “Аюултай харилцаа”, “Нинжин сэтгэл”, “Амьдралын амт”, “Зургаа дахь хүсэл”, “Төгсгөл” зэрэг киноны гол болон туслах дүрийг бүтээсэн манай шилдэг жүжигчдийн нэг билээ.
Тэгвэл дэд байрт УДЭТ-ын залуу жүжигчин Т.Анхзул “Followers” жүжгээр шалгарсан бол “Амьдралын шорон” жүжгээр жүжигчин Ч.Лхагвадорж гуравдугаар байр эзэлжээ. Харин тусгай байрын шагналыг “BEE” театрын жүжигчин М.Мөнхчимэг “Хэмхэрхий дүрснүүд”, Өмнөговь аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин Г.Мөнхбаатар “Намайг оршуулаач” жүжгээр хүртсэн байна.