Хагас жилийн өмнөөс л сураг нь дуулдсан, багагүй хугацаанд бэлтгэж, нэлээд хүч хөдөлмөр зарцуулсан, Монгол, БНСУ-ын хамтарсан “Super concert” өнгөрсөн ням гаргийн үдэш боллоо. Тоглолт зохион байгуулахад хоёр улсын нийт 1200 гаруй хүн хүч хөдөлмөрөө зориулсан бөгөөд солонгос 45, монгол есөн уран бүтээлч оролцсон юм.
БНСУ-ын “2ne1” хамтлагийн дуучин San-dara, реппер Bloo нар энэ сарын 14-ний үүрээр Монголд ирсэн. Тухайн өдрийн үдэш нь дуучин Rain ирсэн юм. Тэдний оролцсон тоглолтыг хүүхэд, залуус түлхүү үзэж сонирхлоо. Солонгос болон англи хэлний мэдлэг өндөртэй Z үеийнхэн БНСУ-ын дуучдын яриаг төвөггүй ойлгохын зэрэгцээ дууг нь ч андахгүй мэддэг ажээ.
Тайзыг эхлээд солонгос дижей нар доргиосон. Тэд кпоп болон дэлхий дахинд алдаршсан хөгжмийн хэмнэл, айзмыг монгол үзэгчдэд мэдрүүлэв. Тоглолтын хөтлөгчөөр комедиан У.Содхүү ажиллаж, үзэгчдийг байнга хөгжөөсөн нь онцлогтой. Түүнчлэн тоглолтод дуучин А.Хаянхярваа, Чойжоо буюу Б.Чойжилсүрэн, “Sweetymotion”, “A-Sound” хамтлаг оролцлоо. Чойжоо, Magnet Brain-ийг үзэгчид илүүтэй дагаж дуулсан бол, цээж нүцгэн гарч ирсэн Doid намрын сэрүүн орсныг мартагнуулж, фенүүдээ улам доргиож хөөргөж чадсан. Түүний араас БНСУ-ын залуу уран бүтээлч гарч ирсэн. Тэрбээр Bigone, Нууц дугаар 486, Хайрын улирал гэсэн гурван дуу дуулсан.
Солонгос реппер Bloo тайзнаа гарахдаа Монголд дахин ирсэндээ, манай хүүхэд, залуустай уулзсандаа баяртай буйгаа илэрхийлсэн билээ. Тэрбээр өнгөрсөн хавар манай улсад зочилж байв. Энэ удаад Bloo шүтэн бишрэгчдийнхээ дунд орж, хамт зургаа авхуулсан.
БНСУ-аас ирсэн дуучдын араас дуучин Ука гарч ирэн, хага авав. Кпоп урсгалыг бүжиггүйгээр төсөөлөх аргагүй. Тэгвэл манай дуучин гадаадын дуучдаас дутуугүй дуулж, бүжиглэж, ирсэн үзэгчдээ байлдан дагууллаа.
“2ne1” хамтлагийн дуучин Sandara тайзнаа гарахад үзэгчдийн хашхираан дээд цэгтээ тулсан. Түүний дуу бүрийг үзэгчид дагаж дуулсан нь онцлогтой. Нэлээд жиндүү үдэш нимгэн хувцастай дуулж, бүжиглэсэн түүнд фэнүүд нь санаа зовж, “Даарчих вий, ханиад хүрчих вий” хэмээж байв. Монголын залуус өөрийг нь хэр мэддэг бол хэмээн санаагаа чилээсэн Sandara тайзнаас ихэд сэтгэл хангалуун буусан бөгөөд Монголын говиор аялах төлөвлөгөө гаргаснаа ч хэлж амжсан юм.
Хүсэн хүлээсэн мөч ирж, дуучин, жүжигчин, бүжигчин зэрэг олон мэргэжлийн эзэн Rain тайзнаа гарч ирэв. “Монголчууд ажилдаа мориор явдаг уу” гэж өмнө нь асуусан тэрбээр манай улсад ирсэн даруйдаа “бууж өгч”, Монголд дахин дахин ирэх хүсэлтэй болсноо онцолсон юм. Бүр “Монгол шорлог үнэхээр гоё” гэж тайзнаас уулга алдсан билээ. Тэрбээр нийт найман дуугаа монгол үзэгчдэд хүргэв. Гадаа сэрүүн ч үзэгчдийн болон уран бүтээлчдийн уур амьсгал халуун дулаан байлаа.