Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан, Нарансэвстэйн боомтыг сэргээж нээх ажлыг эсэргүүцэн УИХ-ын Тамгын газрын “D-Parliament” цахим хуудсанд олон нийтийг төлөөлөн өргөдөл байршуулсан Н.Анхзаяагийн санаачилгыг 25 хоногт 33 041 хүн дэмжжээ. Тодруулбал, хуульд заасан хугацаанд хангалттай буюу 41-өөр илүү гарын үсэг цуглуулсан байна. Ингэснээр тус асуудлыг УИХ-ын даргад уламжлах, улмаар холбогдох байнгын хороонд шилжүүлэх, хэлэлцүүлж, шийдвэрлэх зэрэг дараагийн алхмуудыг хийх боломж бүрдэв.
Нарансэвстэйн боомтыг сэргээн байгуулах нь Монгол Улсын нэгдэн орсон, олон улсын хэд хэдэн конвенцтой харшилсан шийдвэр гэдгийг Н.Анхзаяа өргөдөлдөө дурдаад “Засгийн газар энэ ажлыг үйл ажиллагааны хөтөлбөрөөсөө бүрмөсөн хасаж, хэдэн зуун жил дархлан хамгаалсан Говийн их дархан цаазат газрыг ирээдүй хойчдоо бүрэн бүтнээр нь үлдээн, иргэдийнхээ төдийгүй олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой” гэжээ.
Ж.Сувд