Саяхан ХБНГУ-д болсон парламентын сонгуульд Христосын ардчилсан холбоо (ХАХ) нам олонх болж чадаагүй ч өрсөлдөгчдөөсөө илүү (28 хувь) санал авсан юм. Тус намыг одоо Фридрих Мерц удирдаж байна.
Иоахим-Фридрих Мартин Йозеф Мерц 1955 онд Баруун Германд төржээ. 1975 онд дунд сургууль төгсөж, 1979 оноос Боннын их сургуульд хууль, эрх зүй судлан, 1982-1985 онд Саарбрюкенийн шүүхэд дадлага хийсэн аж. Ингээд 1985-1986 онд эндхийн шүүхэд ажиллав. 1986 оноос Бонн, Франкфуртийн химийн компаниудад өмгөөлөгчийн ажил эрхэлж байгаад 1990 онд Кельн хотод хууль зүйн “Leinen & Derichs” фирмд ажиллах болжээ.
1989 оноос улс төрд хөл тавьж, 1994 он хүртэл Европын парламентын депутат байв. 1994 онд Будестагт сонгогдож, санхүү-эдийн засгийн салбарт санаачилсан хуулиудаараа нэр алдарт хүрсэн байна. 1998 онд ХАХ, Христосын нийгмийн холбоо (ХНХ)-ны хамтарсан фракцын орлогч дарга болов. 2000 оны эхээр тус фракцыг удирдаж байсан Вольфганг Шойбле санхүүгийн маргаанд өртсөний улмаас огцорч, халааг нь Мерц авчээ. 2002 онд болсон сонгуульд ХАХ нам ялагдан фракцын удирдлагаас огцорч, Ангела Меркельд халаагаа өглөө. 2004 онд Меркель түүнийг фракцын орлогчийн албанаас чөлөөлөхийн төлөө тэмцэж, улмаар санаачилсан татварын шинэчлэлийг нь эсэргүүцэв. Хариуд нь Ангела Меркелийн санаачилсан, эрүүлийг хамгаалах салбарт хийх өөрчлөлтийг нь Мерц шүүмжилж, Европын төсвийн нэгдмэл бодлого, хөдөлмөрийн нэгдмэл зах зээлийн төлөө тэмцэх болжээ. Энэ хоёр хүний бодол санааны зөрчил үзэл суртлын шинж чанартай байв. Парламентын дараагийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүйгээ Мерц 2007 онд зарлав. Ийнхүү улс төрийг орхиж хэд хэдэн компанид өмгөөлөгчөөр ажиллах болсон аж.
2018 оны эцсээр Хамбург хотноо болсон ХАХ-ны их хурлаар намынхаа даргын сонгуульд нэрээ дэвшүүлэв. Хоёр дахь шатны санал хураалтад Ангела Меркель оролцохоос татгалзсан байв. Мерц 2021 оны эхээр болсон ХАХ намын даргын шинэ сонгуулийн эхний шатанд 385 санал авч бусдыгаа ардаа орхилоо. Хоёр дахь шатанд 426 санал авав. 2021 оны есдүгээр сарын эцсээр парламентын ээлжит сонгуульд хоёр намын эвсэл ялагдсан ч Мерц тойрогтоо олонхын дэмжлэг хүлээж Бундестагт буцан иржээ.
2021 оны эцсээр гишүүдийн саналыг шууд хураасны үр дүнд Мерц эхний шатанд 62.1 хувийн дэмжлэг хүлээж ХАХ намын даргаар сонгогдлоо. 2022 оны эхээр хийсэн онлайн их хурлаар уг алба нь батлагдаж, тус намын түүхэнд гүйцэтгэх засаглалд ажилласан туршлагагүй анхны удирдагч нь боллоо. Түүнийг их хурлын төлөөлөгчдийн 94 хувь нь дэмжсэн аж.
2024 оны зургаадугаар сарын 9-нд болсон Европын парламентын сонгуульд 30 хувийн дэмжлэгээр ХАХ нам ялалт байгуулав. Орос, Украины хоорондын зэвсэгт зөрчилдөөнийг энхийн аргаар зохицуулах арга замыг хайх, гал зогсоож, Ерөнхийлөгч Путинтэй яриа хэлэлцээр эхлүүлэх нь чухал болохыг Мерц 2024 оны зургаадугаар сарын 25-нд “The times and ZDF”-ийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа мэдэгдсэн байна. Тэрбээр Украинд үзүүлэх цэргийн тусламжийг өргөжүүлэхийг байнга шаардаж иржээ. Ингэхдээ Германы холын тусгалтай, далавчит “Taurus” пуужинг Украинд нийлүүлэхээс татгалзсан Канцлер Шольцыг шүүмжилж байв. 2025 оны хоёрдугаар сарын 23-нд болсон парламентын ээлжит бус сонгуульд ХАХ, ХНХ-ны эвсэл олонхын дэмжлэг хүлээлээ.
Энэ өдөр Фридрих Мерц мэдэгдэл хийж Европ аюулгүй байдлаа бие даан хангах нь чухал болсныг онцлов. Тэрбээр одоогийн Бундестагийн бүрэлдэхүүнийг тарахаас өмнө батлан хамгаалах салбарт 900 тэрбум еврогийн шинэ багц зээлэх төслийг дэмжүүлж авахаар төлөвлөж байна. Энэ сарын 10-нд парламентын ээлжит бус чуулган хийлгэж, батлан хамгаалах болон дэд бүтцийн салбарын санхүүжилтийн асуудлыг хэлэлцэхийг Мерц санал болгоод байгаа юм. Хэвлэлийн мэдээллээс үзвэл Бундесвер (Батлан хамгаалах)-т 400 тэрбум, дэд бүтцийг шинэчлэхэд 500 тэрбум евро шаардлагатай аж. Канцлер болох магадлал чухам Фридрих Мерцэд илүүтэй байгаа юм.
ХАХ болон Германы соцдек намын хооронд эвсэл байгуулах талаар яриа хөөрөө одоо үргэлжилж байна. Үүний зэрэгцээ Герман улс Украинд гурван тэрбум еврогийн нэмэлт тусламж үзүүлнэ хэмээн Мерц мэдэгдлээ. Энэ хөрөнгийг одоогийн Канцлер Олаф Шольц царцаагаад байсан юм. Мерцийн ярьснаар тэрбээр халаагаа өгөх гэж буй Олаф Шольцтой хэлэлцээр хийж, Украинд цэргийн нэмэлт тусламж үзүүлэх талаар ярилцжээ.
Эвслийн Засгийн газар байгуулж тун магадгүй байгаа Соцдек болон ХАХ, ХНХ нам танхимынхаа мөрийн хөтөлбөрийн асуудлаарх эхний хэлэлцээрээ хийж, батлан хамгаалах, эдийн засаг, дэд бүтцийн талаар ардчилсан Герман улсын түүхэнд урьд өмнө нь байгаагүй үр дүнд хүрсэн байна. Олон улсын нөхцөл байдал хурцдаж буй өнөө цагт Герман улс батлан хамгаалах чадлаа бэхжүүлэхийн тулд маш богино хугацаанд ихээхэн хүчин чармайлт гаргах ёстой гэж Мерц мэдэгдэв. Түүний үзэж буйгаар энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий нэг хувиас давж байгаа батлан хамгаалах зардалд зориулах улсын зээлийг төлөвлөхөд саад болох ёсгүй “төсвийн тотгор” гээчид хамаатай юм.
Яриа хэлэлцээрийн явцтай танилцсан шинжээчид аюулгүй байдалд ойрын хугацаанд 500 тэрбум хүртэлх евро хуваарилж магадгүй хэмээн таамаглаж байна. Баварын Ерөнхий сайд, ХНХ намын тэргүүн Маркус Зёдер санхүүгийн шинэ багц нөхөрт ч, дайсанд ч дохио болно гэж мэдэгдлээ. “Ирээдүйд бий болох эвслийн түншүүдийн шийдвэр улс орны аюулгүй байдлыг хангахын тухайд ямар нэг хязгаарлалт үүсгэхгүй. Бид өргөн цар хүрээтэй зэвсэглэх болно” хэмээн тэр мэдэгдсэн нь цэргийн ч, эдийн засгийн ч утга агуулж буй юм байна.
Социал-демократ намын тэргүүн Ларс Клингбайль “Эцсийн эцэст бид хөрөнгө оруулалтыг чихэлдүүлэхийг зогсооно” гэж онцлон тэмдэглэжээ. Түүний үзэж буйгаар Герман улс сүүлийн үед нэлээд доргион чичиргээнтэй байжээ.
Мерцийн үед Герман улсыг юу хүлээж байна вэ гэх асуулт халаагаа өгч буй Засгийн газрыг бүрэлдүүлсэн намуудын анхаарлыг ихээхэн татаж байна. Төсвийн зээлд тавьдаг хязгаарлалтыг сулруулахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар санал зөрөлдсөний улмаас Сангийн сайд Кристиан Линднер нь огцорсон. Түүний удирдаж байсан Чөлөөт ардчилсан нам өнгөрсөн сард болсон сонгуулийн дүнгээр Бундестагт багтжээ.
Украинд дайн эхэлсний дараа ХБНГУ батлан хамгаалах салбартаа 100 тэрбум еврогийн зээл авсан юм. Одоо энэ хөрөнгийг зарцуулаад дуусжээ. “Герман улс жил бүр ДНБ-ийхээ хоёр хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулж буй. Энэ нь НАТО-гийн гишүүн орнуудын заавал биелүүлэх үүрэг болоод байгаа юм. Дайн эхэлснээс хойш 2021 оны аравдугаар сарын 31 хүртэлх хугацаанд Герман улс Украиныг дэмжихэд зориулж 25 тэрбум евро хандивлажээ.
Эвслийн Засгийн газар байгуулах талаарх яриа хэлэлцээ үргэлжилж байна.
Фридрих Мерц 1981 онд гэрлэсэн. Гэргий Шарлотта нь шүүгчээр ажилладаг. Тэд гурван хүүхэдтэй.
Р.Жаргалант