Америк, Украины төлөөлөгчид хоёр дахь уулзалтаа өнгөрсөн мягмар гарагт Саудын Арабын Жидда хотод хийлээ. Уулзалтад Америкийн талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолтц, Украиныг төлөөлж Гадаад хэргийн сайд Андрей Сибига, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нар болон Саудын Арабын Гадаад хэргийн сайд Файсал бин Фархан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мосад бин Мохаммад аль Айбан нар оролцов.
30 хоног гал зогсоох АНУ-ын саналыг Орос хэрэгжүүлсэн нөхцөлд уг шаардлагыг хүлээн авахыг Украин зөвшөөрчээ. Үүний хариуд цэргийн тусламж үзүүлэхээ Вашингтон амлав. Энэ удаагийн хэлэлцээрийн үр дүнгээр гаргасан хамтарсан мэдэгдэлд 30 хоног гал зогсоох түр хугацааны дэглэмийг даруй сахиж, улмаар хоёр тал тохиролцоогоор сунгаж болохыг өгүүлсэн байна. Үүнийг Оросын тал хүлээж авах нь “энх амгаланд хүрэх түлхүүр” болохыг ОХУ-ын удирдлагын сонорт хүргэх үүргийг Вашингтон хүлээжээ. Америкийн үзүүлэх цэргийн тусламж нь Украины аюулгүй байдлыг сахихад зориулагдах аж. Марко Рубио энд онцлон тэмдэглэхдээ “Одоо бүх зүйл Оросоос шалтгаална. Гал зогсоох саналыг Орос хүлээж авахгүй бол харамсалтай нь энх амгалан байдал тогтоход юу саад болж байгааг бид мэдэж авна” гэжээ. Тэрбээр цааш нь энэ хэлэлцээний үр дүнг Москвад аль болох түргэн хүргэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна. АНУ, ОХУ-ын төлөөлөгчдийн уулзалт тун удахгүй болно гэж дээрх хэлэлцээний дараахан Дональд Трамп мэдэгдсэн. Гэвч уг уулзалт хаана болох, хэн оролцохыг тодруулсангүй. Путинтэй өөрийнх нь хийх яриа хөөрөө энэ долоо хоногт болж болзошгүй гэж Трамп хэлсэн аж. Мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Цагаан ордонд дахин урина гэж хэлжээ. Украины эрдсийн нөөцийн талаар гэрээ байгуулах ажлыг түргэвчлэхээр Вашингтон, Киев хоёр тохирсон болохыг хамтарсан мэдэгдлээс анзаарахаар байна. Түүнчлэн гал зогсоох дэглэмийн үед хүмүүнлэгийн талаар тавих хүчин чармайлт энхийн үйл явцын нэг хэсэг байж, олзлогдогсдыг солилцох, саатуулагдсан энгийн иргэдийг чөлөөлж, албадан аваачсан украин хүүхдүүдийг буцаах талаар төлөөлөгчид энэ уулзалтын үеэр хэлэлцжээ.
Жидда хотод болсон уулзалтын үр дүнг ВВС агентлагийн сурвалжлагчид задлан шинжилсэн байх юм. Тэдний үзсэнээр Дональд Трампын багийн дэвшүүлсээр ирсэн нөхцөл байдлыг зохицуулах төлөвлөгөөг Украины тал хэсэг хугацаанд эсэргүүцсэний эцэст хүлээн зөвшөөрчээ. Владимир Зеленскийгийн зүтгүүлээд байсан, хуурай газарт гал зогсоох талаарх саналыг энэ удаад авч үзсэнгүй. Галыг усан дээр болон агаарт зогсоох талаар ярилцсан байна. Цаашдаа юу болохыг хэн ч таашгүй. 30 өдрийн гал зогсоох дэглэм дахин дахин сунгагдаад байж ч мэднэ. Трампын хувьд гал зогсоож, хүмүүс амиа алдахыг болиулах нь л чухал аж. Минскийн хэлэлцээр үйлчилж байх үед Оросын тал эвлэрлийг хэдэн арван удаа зөрчсөн нь түүний сонирхлыг тэгтлээ татахгүй байгаа бололтой. Дээр нь дайныг зогсоох хүсэлтэйгээ Владимир Путин түүнд хэлсэн бөгөөд Трамп Оросын Ерөнхийлөгчид үг дуугүй итгэж буй юм байна.
Дайны үйл явцад гарсан аливаа завсарлагааг Орос цэргээ өөрчлөн зохион байгуулах, армиа шинээр зэвсэглэхэд ашиглана гэх Зеленскийгийн бодол өөрчлөгдсөн нь юу л бол. Энэ амсхийлтийг Украин өөрөө хэрхэн ашиглах нь илүүтэй сонирхол татаж байна.
Хоёрдугаарт, бөмбөг (давуу тал) одоо яалт ч үгүй Москвагийн талд байгаа. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаас үзэхэд АНУ-ын Ерөнхийлөгчийн элч Стив Уиткофф энэ долоо хоногт Москвад очих нь. Тэгэхдээ энэ мэдээллийг Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков нотолсонгүй, бас үгүйсгэсэнгүй. “Цэргийн тусгай ажиллагааны тавьсан бүх зорилтыг биелүүлэх” хүртэл байлдааныг зогсоохыг зөвшөөрөх нь гэх ямар нэг найдлага Путин одоогоор огт төрүүлэхгүй байгаа юм. Тиймээс Жидда хотоос сонсогдсон саналд Оросын Ерөнхийлөгч ямар хариу өгөхийг тааварлахад бэрх. Хамгийн ойрын үед уулзалт зохион байгуулж, 30 өдрийн энх амгаланг тогтоож, Украинд удаан хугацаанд аюулгүй байдал бий болгох зорилготой өргөн хүрээтэй хэлэлцээрийн үйл явцыг эхлүүлэхийг Путин зөвшөөрөх магадлалтай. Хэрэв үүнээс татгалзах юм уу, шууд хариулт өгөхөөс зайлсхийвэл Путинд Трамп шахалт үзүүлж чадах, эсэхийг бид харах болно. Гуравдугаарт, АНУ гал түр зогсоохыг даруй болиулж, Украины аюулгүй байдлын салбарт үзүүлэх тусламжаа нэмэгдүүлбэл байдал хаашаа эргэх бол. Вашингтон ийм тусламж үзүүлэхээс татгалзвал энэ нь фронтын шугамд Украины цэргүүдийн байлдааны бэлэн байдалд тэр даруй нөлөөлнө гэж сэтгүүлчдэд Украины зэвсэгт хүчний эх сурвалж ярьсан байх юм.
Саудын Арабын Жидда хотод болсон Вашингтон, Киевийн хэлэлцээр найман цаг гаруй үргэлжилжээ. Түүнийг өндөрлөсний дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Ливитт уг уулзалтыг “Үр дүнтэй болсон” гэж хэлсэн байна. Энэ бол хоёрдугаар сарын эцсээр Цагаан ордонд Дональд Трамп, Владимир Зеленский нарын хооронд болсон таагүй явдлаас хойш Киев, Вашингтоны хооронд хийсэн анхны албан ёсны уулзалт юм. Түүнээс хойш Украинд үзүүлэх цэргийн тусламжаа АНУ түр зогсоогоод байгаа билээ. Уулзалтын өмнө Оросын хотууд Украины дроны довтолгоонд өртсөн. Дайн хийсэн гурван жилийн хугацаан дахь хамгийн томоохон довтолгоон нь энэ гэж үзэж буй. Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр уг дайралтад 300 гаруй нисгэгчгүй төхөөрөмж оролцжээ. Бусдаас илүү хохирол амссан нь Москва муж бөгөөд энд гурван иргэн амиа алдаж, 18 хүн шархадсан байна.
Энхийн тохиролцоонд хүрэх аливаа хэлэлцээрийн хүрээнд газар нутгийн хувьд буулт хийхэд хүрнэ гэдгийг энэ уулзалтын өмнө Украинд АНУ урьдчилан анхааруулсан гэх мэдээлэл бий. Киевт ийм дарамт шахалт үзүүлэхдээ галыг даруй зогсоож, Америк, Украины төлөөлөгчдийн яриа хөөрөөнөөс сайн үр дүн хүлээж байгаа гэж Цагаан ордны тэргүүн хэлжээ. Тэгвэл Украины эрх ашгийг хамгаалж, дайны төгсгөлийг тодорхой болгон, америк түншүүдтэй хамтран ажиллах нь энэ яриа хэлэлцээнд оролцох гол зорилго нь гэж Киев мэдэгдсэн аж.
Орос, Америкийн хооронд хоёр ч удаа хэлэлцээр хийгээд байгаа. Эхний уулзалт Украин дахь дайныг зохицуулах асуудлыг голлон хөндсөн. Украины асуудлаар дээд түвшинд ярилцах багийг томилохоор талууд тохиролцсон юм. Хоёр дахь уулзалтыг илүүтэй техникийн шинж чанартай байсан гэж хэлж болно. Яриа хөөрөө хоёр улс дахь ЭСЯ-ны ажлын талаар өрнөж, албан ёсны мэдэгдэлд нь л гэхэд Украин дахь дайны талаар тусгаагүй.
Р.Жаргалант