Сонгодог хөгжмийн ертөнцөд зүрх сэтгэл, ур чадвар, халуун итгэлээрээ гэрэлтэж буй Монгол багш бол Батнасангийн Ичинхорлоо.
Тэрээр залуу хэдий ч төгөлдөр хуурч төдийгүй, олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн төгөлдөр хуурын багш хэмээх эрхэм хүндтэй нэрийг бахархалтайгаар авч яваа нэгэн юм. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд түүний удирдлага дор суралцсан олон арван шавь дэлхийн нэр хүндтэй уралдаан тэмцээнд тэргүүн, дэд байруудыг эзэлж, арван гаруй сурагч нь Нью-Йорк хотын алдарт Carnegie Hall-ын тайзнаа тоглосон нь Монгол багшийн ур чадвар, шавьдаа хандах чин сэтгэлийн хамгийн тод илэрхийлэл болов.
2024 оны хоёрдугаар сард болсон Sonor International Piano Competition-д түүний хоёр шавь 1-р байр болон Тусгай шагнал хүртэж, лауреатуудын гала тоглолтод оролцсон. Харин Хойд Калифорнийн Олон Улсын Хөгжмийн Тэмцээн-д түүний арван шавь 6-17 насны өөр өөр ангилалд 1, 2, 3-р байр эзэлсэн нь түүний шавь бэлтгэх ур чадварыг олон улсын хэмжээнд үнэлэгдэх түвшинд хүргэжээ.
Маш залуу хэдий ч, Батнасангийн Ичинхорлоо асар хурдтай хөгжиж буй, нарийн мэдрэмжтэй төгөлдөр хуурын багш гэдгээрээ гадаадын хөгжмийн хүрээлэлд танигдаж, талархал хүлээж байна.
Тэрээр төгөлдөр хуурын мэргэжлээр Монгол болон АНУ-д боловсрол эзэмшсэн бөгөөд төгөлдөр хуурын урлагийн замналаа Монголын нэрт төгөлдөр хуурч, профессор Г.Занаа багшаас эхлүүлсэн бөгөөд “Багш минь намайг анхнаас нь өнөөдрийг хүртэл сэтгэл зүрхээрээ дэмжиж, урлагт дурлуулах төдийгүй, багш хүний хариуцлага, ухаалаг хандлагыг өвлүүлсэн” хэмээн гүн талархалтайгаар өгүүлдэг.
Түүний заах арга барил нь зөвхөн техник, нот мэдэхээс илүү, хөгжмөөр дамжуулан сэтгэл, мэдрэмж, хүмүүжил олгодог өвөрмөц чанартай. Монгол болон олон улсын шавь нар нь түүний удирдлага дор чадварлаг хөгжимчид болон өсөн дэвжиж байгаа нь түүний хөдөлмөрийн тод илэрхийлэл юм.
Өнөөдөр Батнасангийн Ичинхорлоог зөвхөн амжилттай төгөлдөр хуурын багш төдийгүй, Монголын залуу хөгжмийн үеийн төлөөлөл, дэлхийн тайзанд Монголын нэрийг таниулж буй манлайлагч хэмээн үнэлж байна.