Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Цемент шохой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа. Энэ үеэр “Цемент шохой” ХХК-д гэнэтийн шалгалт хийхэд түүхий эд хомсдож, нүүрс нийлүүлэлтийн доголдлоос шалтгаалан үйлдвэрлэл саатсан байжээ. Иймд тэрбээр холбогдох байгууллагуудтай хамтран тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийг үүрэг болгосон. Мөн тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцан, “Зэс боловсруулах цогцолбор” төслийг эрчимжүүлэхийг анхааруулав. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг “Зэс боловсруулах цогцолбор”-ын хүрээнд жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 125.5 мянган тонн катодын зэс, мөнгө, алт болон хүхрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах аж. Ингэснээр нэг жилд 56.8 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах тооцоо гарсан бөгөөд хөрөнгө оруулалтаа 7.7 жилийн хугацаанд нөхөх боломжтой гэнэ.
Түүнчлэн тэрбээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж, гангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх чиглэл өгөв. Тэрбээр “Ган боловсруулах үйлдвэрлэл бол стратегийн салбар. Зөвхөн ашигт малтмалаа ухах бус, түүнийг нэмүү өртөг шингээн дотооддоо боловсруулах нь улс орны эдийн засгийн хөгжилд шийдвэрлэх нөлөөтэй. Тиймээс Монгол Улс ган бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улс болох стратегийн зорилт дэвшүүлж байна. Ган үйлдвэрлэдэг улс л жинхэнэ утгаараа хөгждөг. Гэвч бодлогын уялдаа хангалтгүйн улмаас төслийн хэрэгжилт удааширсан. Цаашид энэ алдааг даруй засаж, төслийг эрчимжүүлэх арга хэмжээ авна” гэсэн юм.
С.Сүрэн