“ДЦС-3”-д дахин осол гарсан гэх мэдээлэлтэй холбогдуулан тус компанид хяналт тавих Засгийн газрын Бүрэн эрхэт төлөөлөгч Н.Тавинбэх өчигдөр хэвлэлийн бага хурал хийв. Тэрбээр “Өнгөрсөн зургаадугаар сарын 2-нд “ДЦС-3”-ын 50 мегабатын хүчин чадалтай турбин генераторт гэмтэл гарсны улмаас дэлбэрэлт болж, нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Турбины ослын дүгнэлт хараахан гараагүй байгаа тул энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Уг ослын улмаас тоног төхөөрөмж, түүний зориулалттай барилга, байгууламж галд өртсөн. Турбин генераторыг ч цаашид дахин ашиглах боломжгүй болсон. Улмаар ЗГ-аас уг станцад онцгой дэглэм тогтоож, сэргээн босголтын ажлыг эхлүүлсэн. Одоо ч үргэлжилж буй. Тасралтгүй ажилладаг, нарийн технологитой, насжилт өндөртэй станц учир техник, технологийн саатал ч цөөнгүй гардаг. Энэ удаад ашиглалтын хугацаа дууссан зууханд гэмтэл гарч, дэлбэрэлт болсон. Станцад онцгой дэглэм тогтоож, сэргээн засварлах ажил ид явагдаж буй энэ үед дотроосоо мэдээлэл задруулж, нийгэмд сенсаац тарих нь туйлын зохимжгүй юм. Гарсан гэмтлийг засварлахад нэлээд хэд хоног шаардлагатай. Гэмтсэн зуух 50- аад жилийн “настай” тул хана нь нимгэрч, экран хоолойнууд нь элэгдсэн. Үүнээс болоод өмнө нь 15 удаа гэмтэл гарч байсныг тухай бүрд нь засаад, хэвийн ажиллагаанд нь оруулж ирсэн байна” гэсэн юм.
Мөн тэрбээр иргэдийн болгоомжлоод буй шиг ирэх өвөл эрчим хүчний ноцтой асуудал тулгарахгүй гэв. Харин ашиглалтын хугацаа дууссан зуухнаас улбаатай ослын талаарх мэдээллийг олон нийтэд задруулсан хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулна хэмээсэн. “ДЦС-3”-ын үргүй зардлыг багасгах, худалдан авалттай холбоотой гардаг зөрчлүүдийг арилгахаар арга хэмжээ авч буй аж. Үүнд дургүйцсэн хүмүүс үйлдвэрлэлийн гэмтлийг нийгэмд сүртэйгээр тараасан гэж Н.Тавинбэх хэлнэ лээ. Харин иргэд түүний эл мэдэгдлийг буруушааж, “Осол болсныг нуугаад өнгөрөх гэж байсан юм уу. Байнга л иймэрхүү гэмтэл гардаг гэх юм. Дэлбэрэлт том, жижигдээ биш, осол дахин гаргахгүй байхад анхаарч ажиллаач ээ” гэцгээж байв.
Ч.Болор