Монгол, Японы байгаль орчны мэргэжилтнүүд хамтран доройтсон хөрсийг шинэ технологиор нөхөн сэргээх туршилт хийж байна. Тодруулбал, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Дэлхийн хойч ирээдүйд чиглэсэн хамтын бүтээн байгуулалт” төслийн хүрээнд хоёр орны байгаль орчны мэргэжилтэн, судлаачид BSC буюу хөрсний замгаар доройтсон газрыг нөхөн сэргээх туршилтыг Төв аймгийн Сэргэлэн, Өмнөговийн Цогтцэций сумд хийж эхэлсэн аж.
BSC технологийн гол онцлог нь замаг, бичил биетэн, хөвдөөр байгалийн бүрхүүл үүсгэж, чийгшлийг нь тэнцвэржүүлэх, салхи, усны нөлөөллийг бууруулах, ургамлын үрийг барих замаар хөрсийг эрүүлжүүлдэг ач холбогдолтой гэнэ. Одоогоор дээрх хоёр сумд туршилтын талбай байгуулан, BSС технологийн таван төрлийн аргаар нөхөн сэргээлт хийгээд буй бөгөөд эхний шатны үр дүн хангалттай сайн гарсныг төслийн зөвлөх “Nippon koei” компанийнхан онцлов.
Ж.Сувд