Монголчуудад ажил олдохгүй, ажил олгогчдод ажилтан олдохгүй болсон гэв үү дээ. Энэ үг өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн нэгэн тулгамдсан асуудлыг илэрхийлж буй. Эрэлт бий газар нийлүүлэлт байх учиртай. Гэтэл эл хоёр огтлолцохгүй, бүр зөрчилдөхөд хүрээд байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд гадаад иргэдийг дотоодод ажиллуулах нөхцөл бодитоор үүссэн ч эрх зүйн зохицуулалт, олон нийтийн хандлагаас үзвэл нэг л урагшгүй байх шиг ээ.
Манай улсад ажилгүйдлийн түвшин өдгөө 5.4 хувьтай байна. Түүнчлэн ажиллах хүчний оролцооны түвшин 58 хувь, хөдөлмөрийн зах зээлийн боломжит нөөц 80-100 мянган хүн байгаа үед гадаадаас ажиллах хүч импортлох зайлшгүй шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд үзэж буй. Ялангуяа ажлын байрны шаардлагад нийцэхүйц тогтвортой, удаан хугацаанд ажиллах боловсон хүчин албан байгууллагад олдохгүй байгаа нь ажил олгогчдын “шүдний өвчин” болсон. Тэгсэн хэрнээ гадаад руу хөдөлмөр эрхлэх хүсэлтэй манай иргэдийн урт цуваа хаа сайгүй. Тэгэхээр гадаад болон дотоодын ажиллах хүчний тэнцвэрээс эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэх арга зам боловсруулах зайлшгүй шаардлага бидэнд тулгараад буй юм.
Тавантолгойн 450 мВт-ын ДЦС барих тэргүүтэй 14 мега, үндэсний хэмжээний 140, Улаанбаатар хотод хэрэгжих 194 төслийг хэрэгжүүлэхэд 285 мянган ажлын байр шаардлагатай хэмээсэн. Үүнийг дотоодын ажилчдаар бүрдүүлэх боломжгүй нь үнэн. Монгол Улсын иргэн харьд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн манайд хөдөлмөр эрхлэх, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай болон бусад салбар хуулиар зохицуулдаг. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл бүхий гадаадын иргэнд олгох виз, оршин суух зөвшөөрөлтэй холбогдсон харилцааг зохицуулдаг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд “Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийг гадаадын иргэний хүсэлт, холбогдох байгууллагын санал, зөвшөөрлийг харгалзан гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тав хүртэл жилээр олгож, тухай бүр гурав хүртэл жилийн хугацаагаар сунгаж болно” хэмээсэн нь нэг улсын иргэн манайд хамгийн олондоо 35 мянга орчим байж болно гэсэн үг. Гэхдээ тус хууль батлагдсанаас хойш энэ үзүүлэлтийг дав¬сан удаагүй гэнэ.
Хэн ч хийдэггүй, эсвэл хийх хүн олдохгүй байгаа ажлыг гадаад ажилчид гүйцэтгэснээр үйлдвэрлэл, үйлчилгээ доголдохгүй сайн талтай. Түүнчлэн туршлагатай, нарийн мэргэжилтэй буюу ноу-хаутай хүмүүс ирснээр хөдөлмөрийн зардал буурч, тэдний ур чадвар, технологиос суралцан эдийн засгийн өсөлтөө дэмжих боломжтойгэж үздэг. Тухайлбал, Сингапур, Япон, Герман, Өмнөд Солонгосын нийтажил¬лаххүчний 40 хувийггадаадыниргэн эзэлж байна. Эдгээр улс хөдөлмөрийн зах зээл дэх бодит хэрэгцээг тооцож, аль салбарт ямар ур чадвартай хүн хэрэгтэй байгааг нарийн тогтоо-доггэнэ. Нөгөөтээгүүр, гадаад ажилчдын тоо, тэдний эрх зүйн байдал, цалин, оршин суух нөхцөлийг хуульчилж, зохион байгуулалттай, ил тод болгосон нь талуудад таатай байдаг аж. Компанийн үйл ажиллагаа зогсохгүй бол тогтвортой хөгжинө гэсэн үг. Энэ талаар нэгэн гадаад ажилчдын зуучлалын компанитай холбогдон тодруулахад “Хүүхэд асрах болон хоол үйлчилгээний салбарт хүний нөөцийн эрэлт их. Тусгай зөвшөөрөлтэй, хууль ёсны зуучлалын компаниуд л үйл ажиллагаа явуулах нь зөв. Найдваргүй хүмүүс гадаадын иргэдийг аяллын визээр авчирснаа тэр чигт нь “харлуулчихдаг” тал бий. Хүний эрхтэй холбоотой эл асуудлыг эрх зүйн хувьд ил тод зохицуулалттай болговол дотоодын ажиллах хүчний хомсдолоо шийдэх боломж байна” гэсэн юм.
Өнгөрсөн оны сүүлчээр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн мэдүүлсэн ч олон нийтийн шүүмжлэлтэй тулгарсны улмаас төд удалгүй төслийг татсан юм. Үүнтэй зэрэгцээд тухайн үед Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж асан Л.Энх-Амгалан “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай” хуулийн төсөлд “Эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалт, салбарын бодлого, дотоодын ажиллах хүчний хомсдол зэргийг харгалзан ашигт малтмал, газрын тосныхоос бусад салбарт ажиллах гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг Засгийн газар хөнгөлж, чөлөөлж болно” гэх заалт нэмэх санал гаргасан ч УИХ-аар хэлэлцүүлж амжилгүй намрын чуулган завсарласан юм. Үүний дараа буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар “Ажлын байрнытөлбөрөөс чөлөөлөх” тогтоол гарснаар 52 аж ахуйн нэгж, 14 737 гадаад ажилтныг энэ онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн.
Бултаараа нүүдэллэж, бүлэрхэг загнадаг монголчуудад гадаадын иргэд “цагаач”, “дүрвэгч” шиг харагддаг гэлтэй. Тэд манай улсын үндэсний аюулгүй байдал, хүн ам зүйд ноцтой нөлөөлнө хэмээн олон нийтийн зүгээс үзэж буй бололтой дог. Хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаасаа өмнө эхлээд иргэдийнхээ ийм ужиг хандлагыг засах нь илүү чухал шиг. Бизнес эрхлэгч, комедиан Ч.Хантүмэн энэ талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр япон хүнсний бүтээгдэхүүний “Ази маркет” дэлгүүр ажиллуулдаг билээ. “Бүх салбарт гадаадын ажиллах хүчний оролцоо хэрэгтэй байна. Энэ нь төрийн байгууллагуудад ч хамаарна. Гадаадууд монголчууд шиг зуны саруудад амраад явахгүй, ажлаа хурдан дуусгаад нутаг буцахаа бодно. Үүний нөлөөнд хэрэглэгчид л хожиж байгаа. Харин гаднаас ажилчид авчирлаа гэхэд ажил олгогчийн зүгээс татвар болон орон байрны түрээсэнд их хэмжээний мөнгө зарцуулах шаардлагатай болдог. Монгол дахь өндөр цалинтай ажлыг гадаадын иргэн илүү хямд үнээр хийх боломжтой шүү. Гадаад иргэдийг ажиллуулахад эрсдэл бий гэж үзвэл бие даасан хуулиар тодорхой хуульчлах хэрэгтэй. Монгол Улс хүн ам цөөтэйн дээр ажиллах хүчний дутагдалтай нүүр тулж байгаа нь эдийн засгийн үр ашгаа алдахад хүргэж буй. 40, 50 мянгат, III, IV хороолол, Энхтайвныгүүр, Цирк, Засгийн газрын ордон зэрэг манай хотын өнгөтэй өөдтэй бүтээн байгуулалт бүрийг гаднынхан л барьсан. Өнөөдөр ч энэ нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдөөгүй. Дэлхий нийтээр ажиллах хүчний хомсдолд орж буй энэ үед гадаад ажиллах хүчийг нэг төсөл, чиглэлд тодорхой хугацаанд ажиллуулбал эдийн засгийн үр ашигтай шийдэл болно. Тухайлбал, манай компанид түгээлт хийдэг хүн хэрэгтэй байна. Гэхдээ үүнд заавал монгол хүн ажиллах шаардлагагүй. Манайхан ажил хийж чаддаггүй мөртлөө голомтгой. Ажилд орсон даруйдаа чөлөө авдаг, маш дураараа. Мужаан, сантехникч хийх хүн байхгүй болсон шүү дээ. Амжилттай яваа компаниуд гадаад менежертэй байх нь олонтоо. Кимчи үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж дэргэдээ солонгос зөвлөх ажиллуулах жишээтэй. Гадаадын ажиллах хүчийг тойрсон хязгаарлалт, санхүүгийн дарамт нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэйгээ зөрчилдсөөр байна” гэсэн юм.
Харин хуульч судлаачид “Монгол Улсад гадаадын ажиллах хүчтэй холбоотой харилцааг одоогийн байдлаар хэд хэдэн салбар хуулиар зохицуулж байгаа ч бие даасан нь үгүй. Олон хуулиар хэсэгчлэн зохицуулж байгаа нь практикт хэрэгжилтийн зөрүү, эрх зүйн хийдэл үүсгэж байж болзошгүй. Тиймээс гадаадын ажиллах хүчний эрх зүйн зохицуулалтыг бие даасан хууль тогтоомжийн хүрээнд нэгдсэн бодлогоор тодорхойлж, цэгцлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, ямар мэргэжилтнүүдийг гаднаас татах шаардлагатай байгааг судалгаанд үндэслэн бодитой тодорхойлох нь чухал. Яамд энэ асуудлаар мэргэшсэн бие даасан нэгж, бүтэцтэй байх хэрэгтэй болов уу. Үгүй бол хүчин төгөлдөр хэрэгжүүлж буй 930 орчим хуульд нэгийг нэмэхээс цаашгүй. Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн захирамжилсан шийдвэр гаргадаг. Захиргааны акт, хэм хэмжээний акт, гэрээг материаллаг хуулийн зохицуулалтад нийцүүлэн хэрэглэх ёстой” гэв.
Тус асуудлыг хүний нөөцийн мэргэжилтнүүд дараах байдлаар тайлбарласан юм. “HR” клубийн тэргүүн Ш.Баярмагнай “Эрх зүйн зохицуулалтаар дамжуулан тодорхой салбарт болон албан тушаалуудад тавигдах ажиллах хүчний квотыг нээлттэй болгох нь зүй. Биеийн хүчний оролцоотой ажлуудад гадаадаас ажиллах хүч авах сонирхол их” гэсэн бол Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн тэргүүн Г.Тэгшбүрэн “Хүний нөөцийн хомсдолтой салбар, албан тушаалуудад гадаад мэргэжилтнүүдийг ажиллуулснаар аялал жуулчлал, барилга, зам, гүүр, тариалан, хөдөө аж ахуй зэрэг улирлын чанартай бизнес ашиг олж, компаниудын үйл ажиллагаа өргөжих боломжтой. Одоогоор төлөвлөсөн ажлуудаа гүйцээхэд бидэнд 300-400 мянган ажилчин хэрэгтэй. Иймээс гадаад ажилчдад татварын хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Нэг хүн ажиллуулахад 400 ам.доллар цалинд зарцуулагдаж, 600 орчим ам.доллар бусад зардалд урсаж буй. Тэгэхээр ажил олгогчдод гадаад ажилтан ажиллуулах хүсэл байвч татварын зардлыг нь дийлэхгүй байна” гэлээ.
Манай улс гадаадын ажиллах хүчийг зөв хандлагаар хүлээн авч, энэ талын эрх зүйн зохицуулалтыг ил тод, боловсронгуй болговол дотоодын ажиллах хүчний хомсдолыг нөхөхөөс гадна бүтээмж, технологийн чадамж, эдийн засгийн үр ашгаа ч нэмэгдүүлэх боломжтой биш гэж үү.
Д.Сэлэнгэ