УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 15.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 120 минут/-ийг хийхээр төлөвлөсөн билээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар уншиж танилцууллаа.
Үүний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хоёр хоногийн завсарлага хүсэж үг хэллээ. Тэрбээр, "Хэлэлцэж буй асуудалтай холбоотой ажлын хоёр өдрийн засварлага авах хүсэлтэй байна. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэхээс өмнө Ардчилсан намын бүлгээс зүйл, заалт бүхий шаардлага хүргүүлсэн. Энэ хүрээнд байнгын хороо дээр дахин ярилцах шаардлага байна" гэв. Иймд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэг хоногийн завсарлага өгөв. Тодруулбал, маргаашийн /2025.06.25/ 14.00 цаг хүртэл УИХ завсарлага авлаа.