Дэлхий эхэндээ бөөрөнхий байв. Юмс хөгжихийн хэрээр даяарчлагдаж, хүн төрөлхтөн ертөнцийг алган дээрээ ч “тольдох” хэмжээнд хавтгайрсан. Харин эдүгээ техник, технологийн хурдацтай дэвшлийн ачаар хүмүүс бараг “хиймэл” ертөнцөд амьдарч байна. Тэгвэл бид энэ их хөгжил дэвшлийн хаагуур нь өнгөрчихсөн юм бэ гэтэл нь хоцорчээ, хорвоогоос. Энэ улсын ирээдүй болсон хүүхэд багачууд өнөөгийн Монголын ядуугийн зовлонг үүрч, сурах бичиг ч үгүй, сурах эрх нь хүртэл сугалаа болчихсон сууж байх ч гэж дээ. Уг нь манай боловсролын салбарынхны хамгийн гүйлгээтэй, ашигтай бизнесийнх нь нэг хэзээний л сурах бичиг байсан. Тэгсэн хэрнээ хүүхдүүд яагаад одоо болтол номгүй байгаа юм бэ гэж уншигчид гайхаж магадгүй.
Сурах бичиг шинээр зохиох, хэвлэх, түгээх, борлуулах үйлявцнь бүгд “хонгилоор явдаг” юм. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнханд үнэ төлбөргүй нийлүүлдэг сурах бичгийн тухайд төсөв мөнгө нь асуудалгүй шийдэгдчихдэг учраас хүртээмж сайтай. Тиймдээ ч бага ангийн сурах бичгүүдийг шинэчлэх бизнес өнгөрсөн хугацаанд “гэрлийн хурдаар” цэцэглэсэн. Харамсалтай нь, дунд, ахлах ангийн сурагчдыг төр засгийнхан олон жилийн өмнөөс ялгаварлан гадуурхаж, үдийн цай амсуулах нь бүү хэл сурах бичгийг нь ч хялайлгахаа болив. Жилийн жилд нөхөн хэвлэх, хангах ажлыг цалгардуулж, хойрго хандсаны балгаар хүүхдүүд өнөөдөр сурах бичигтэй болохын тулд сугалаа хүртэл шодож, тэр хэрээр боловсролын систем доройтсоныг давхар гэрчиллээ. Хүүхдүүдийн сурах эрхэд ингэж ноцтой халдаж ирсэн Боловсролын яамныхан ч ичиг ичиг.
СУРАГЧ А: ТҮРЭЭСНИЙ МӨНГӨӨ ТҮРҮҮЛЖ ӨГСӨН НЬ Л АВДАГ
Ерөнхий боловсролын нэгэн сургуулийн X ангийн сурагч А “Манай анги 46 хүүхэдтэй. Бид VI ангиасаа эхлэн түрээснийсурах бичиг ашиглаж байгаа. Ном хүрэлцдэггүй байсан учраас багш зарим жилд сугалаа сугалуулж, сурах бичиг хуваарилсан. Эсвэл “Түрүү жил түрээснийном авсан бол одоо өгөхгүй” гэх зэргээр ээлжилдэг. Өнөө жил багш залхсан уу яасан, түрээсниймөнгөө түрүүлж өгсөн нь л номоо аваарай гэв. Тиймээс манай ангийнхан аав, ээждээ энэ талаар яаран хэлж, сурах бичгээ “уралдаад” л авцгаасан даа. Гэсэн ч ангийн хүүхдүүдийн талаас илүү нь номгүй хоцорсон. Бид ангидаа номоо нааш цааш болгоод дундаа хэрэглэчихдэг ч гэрийн даалгавар, бие даалт хийхэд энэ нь маш хүндрэлтэй” гэсэн юм. Тэгвэл өөр нэгэн сургуулийн VII ангийн сурагч Э “Би энэ жил сугалаагаар сурах бичгээс хасагдсан. Манайх ам бүл олуулаа. Ах, дүү, бид гурав сургуульд явдаг болохоор аав, ээж минь бүгдэд нь ном худалдаж авч өгөх боломжгүй. Тиймээс сугалаагаар сурах бичиг авч чадаагүйдээ маш их гэмшсэн. Учир нь түрээснийсурах бичиг хямдхан. Нэг хичээлийн жилд ашиглах багц ном анги, тоо ширхгээсээ хамаараад 18-33 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Харин “гаднаас” худалдаж авбал үүнээс 10 дахин үнэтэй. Одоохондоо номгүй, яах учраа олохгүй л байна” хэмээн ярьсан.
ДУНД, АХЛАХ АНГИЙНХАН ДУНДАА НЭГ НОМТОЙ
Одоогоос тав, бүр 10 жилийн өмнө нь ч сурах бичгийн тендер, хүртээмж, хангамжийн асуудал маргаан дагуулж, улсын хэмжээнд нийт сурагчийн тал хувь нь номгүй хичээллэдэг байсныг гэрчлэх олон ч судалгаа байна. Гэвч одоо болтол асуудал шийдэгдээгүй, дунд, ахлах ангийн хүүхдүүд дундаа нэг номтой хэвээрээ. Төрөөс бага ангийнхны сурах бичгийг 100, дунд, ахлах ангийнхны номын 40 хувь (зорилтот)-ийг үнэгүй өгдөг гэж сайрхдаг. Тэгвэл бодит байдалд энэ бүхэн эсрэгээрээ, хүүхдүүд хуучин номын худалдаа хэсэж, сурах бичгүүдээ ганц нэгээр нь цуглуулж явна. Номын дэлгүүрүүд, задгай худалдаанд VI-XII ангийнхны нэг багц ном 90-100 гаруй мянган төгрөгийн үнэд хүрчээ. Нэг багц нь 13 сурах бичгээс бүрдэх бөгөөд бусад хичээлийн номоо нэмж авбал 200 гаруй мянган төгрөг шаардагдаж буйг эцэг, эчхүүд хэлэв. Энэ жил ашигласан сурах бичгүүдээ дараа жил нь зарах гэхээр номын худалдаачид ханшийг нь унагаад, олигтой үнэд ч хүрдэггүйг тэд учирласан.
Тэгвэл дунд, ахлах ангийн багш нар сурах бичгийн хүртээмжийн талаар ийн ярив. Тэд “Ер нь бол хүүхдүүд VI ангиасаа эцэг, эхчүүддээ ч “хаягддаг”. Төр засагтаа ч гологддог юм байна. Сургуулиудын анги дүүргэлт нь дийлэнхдээ 50-70-д хүрчихсэн. Өмнө нь 40-45 хүүхэдтэй байхад ангид хоёр сурагч дундаа нэг ном хэрэглэж болдог байлаа. Харин одоо тийм боломж ч үгүй болсон. Зарим сургуульд түрээснийсурах бичгүүд нэг ангид 15-20 л ногдож байна. 50 хүүхэдтэй ангийн гуравны нэгт нь л ном ногдоно гэсэн үг. Төрөөс бага ангийнхны номыг 100 хувь үнэ төлбөргүй нийлүүлдэг гэх ч эл үзүүлэлтийг 97-98 хувьтай биелүүлдэг. VI-IX ангийнхны 40 хувийг номоор хангах ёстой ч үүндээ хүрдэггүй. Яамнаас сургуулиудад сурагчдын тооноос дандаа дутуу ном нийлүүлдэг. Ахлах ангид ч бас зорилтодбүлгийнхэнд сурах бичиг үнэгүй өгөх журамтай. Ийм шалтгаанаар ном үнэгүй авахаар сонгогдсон гурван хүүхдийн нэгийг нь л сурах бичгээр дөнгөн данган хангадаг. Улсын хэмжээнд зарим хичээлийн сурах бичгийн хангамж 30-50 хувьтай л байгаа. Алслагдсан сумуудад 10 хүүхэд дундаа нэг номтой хичээллэж байсан тохиолдол ч өмнө гарч л байсан. Сайд, дарга нар хүүхдүүдийг ядаж сурах бичгээр хангачхаад дараагийн том амлалт, зорилт, төлөвлөгөөгөө яриасай билээ” гэж хатуухан шүүмжиллээ.
Аравдугаар сарын 1-нээс түрээснийсурах бичиг нэмж тараана гэсэн сургууль ч олон байна. Зарим нь ангид сурах бичиг хуваарилахдаа “Гурав ба түүнээс олон хүүхэд нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг гэр бүлийн 12 сурагч, өнгөрсөн хичээлийн жилд сурах бичгүүдээ үлгэр жишээ эдэлж хэрэглэсэн хоёр хүүхдэдтүрээснийном өгнө. Үлдсэн наймыг нь сугалаагаар тараана” гэсэн шалгуур тавьжээ. Энэ нь нэг ангид дунджаар 20-22 ном ногдож буйг илтгэх баримт аж. Бусад нь сурах бичгээ худалдаж авахаас өөр сонголтгүй.
“ҮНЭГҮЙ БОЛГОХ, ЭСВЭЛ БҮГДИЙГ ЦАХИМЖУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ”
Боловсролын яам, сурах бичиг хэвлэлийн компаниудын аль аль нь хүүхдийн эрх ашгийг хэзээ ч боддоггүй нь дээрх нөхцөл байдлаас тод харагдаж буй байх. Улсаас мөнгө авч, үнэгүй тараадаг номыг түрүүлээд хэвлэчихдэг нь үүний бэлээхэн жишээ. Гэрээт хэвлэлийн компаниуд дунд, ахлах ангийнхны номын 60 хувийг хэвлэж, зах зээлд борлуулах үүрэгтэй ажиллаж иржээ. Гэвч байнга хомсдол үүсгэж, цөөн хэдийгээ дамлан худалдсаар төлбөр мөнгө нь ч талийж. Салбарын судлаачид дунд, ахлах ангийнхны сурах бичиг худалдан авах чадварыг судлахад эцэг, эхчүүд ихэвчлэн хүүхдэдээ гол хичээлийнх нь л номыг түлхүү авч өгдөг, бусад нь орхигддог гэнэ. Жил бүр хүүхдэдээ 100-200 гаруй мянган төгрөгөөр ном авч өгөх чадалтай нь тийм ч олон биш шүү дээ.
Манай улс ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоонд шилжсэнээс хойш VI, XII ангийнхан нийтээрээ сурах бичиггүйгээр хичээлийн бүтэн жилийг дуусгаж байсан түүхтэй. Тэгвэл өдгөө буюу 2025-2026 онд улсын хэмжээнд 830 орчим мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Үүнээс I-V ангийн сурагчдад одоогоор 157 мянган багц ном нийлүүлээд байгааг Боловсролын ерөнхий газрынхан саяхан мэдээлсэн. Тэд VI-XII ангийн сурагчдад сугалаагаар ном олгох нь байж болохгүй үйлдэл хэмээгээд үүний цаана бүтэн өнчин, асрамжийн газарт амьдардаг, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айлын хүүхдүүд сурах бичиггүй хоцрох эрсдэлтэй гэж байв. Даанч сургуулиуд шавь нараа алаг үзэхгүй гэсэндээ, аргаа барсандаа сугалаа явуулж, нэрс нь гарч ирсэн сурагчдад сурах бичиг өгөх нь зөв гэж үзсэн тухайгаа хэлсэн.
Дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь өөрсдөө номоо худалдан авах учиртай ч орон нутагт номын худалдаа, түгээлтийн тогтолцоо бүрдээгүй. Хэвлэлийн компаниудын хамтын ажиллагаа, эцэг, эхчүүдийн худалдан авах чадвар зэргээс болж сурах бичгийн хүртээмж хангалтгүй хэвээр байгаа аж. 2025-2026 оны хичээлийн жилд ашиглагдах, ерөнхий боловсролын сургуулийн I ангийнхны сурах бичгийг сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчид 21 аймгийн Боловсролын газарт хүргэж өгсөн гээд л бод.
Үе үеийн Боловсролын сайд нар сурах бичгийг шат дараатай үнэ төлбөргүй болгоно хэмээн попордог ч өнөө хэр дорвитой алхам хийсэнгүй. Харин ч жил ирэх тусам хомсдол үүсэж, сурах бичгийн борлуулалтаас дээр, дооргүй ашиг хонжоо харах нь ихэслээ. Тиймээс сурах бичгийг нийтээр нь үнэгүй болгох, эсвэл бүгдийг цахимжуулах нь зүйтэй гэж судлаачид үзэж буй юм.
О.Оргилох