НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар жил бүрийн аравдугаар сарын 23-ныг олон улсын цоохор ирвэсийн өдөр болгон зарласан. Эл өдрийг дэлхийд нэн ховорд тооцогдох цоохор ирвэсийн экологийн ач холбогдлыг олон нийтэд таниулж, хайрлан хамгаалах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Цоохор ирвэс нь Монгол, БНХАУ, ОХУ, Афганистан, Бутан, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Балба, Пакистан, Тажикстан, Узбекстан зэрэг улсад тархан амьдардаг бөгөөд дэлхийд ховордож буй зүйлийн амьтан юм. Дээрх бүс нутгийн хэмжээнд ердөө 4000 гаруй цоохор ирвэс байдгаас хамгийн олон буюу 2500 орчим нь БНХАУ-д бий. Харин дэлхийн нийт цоохор ирвэсийн 25 хувь буюу 1000 гаруй нь манай оронд байдгийг 2020 оны судалгаагаар тогтоожээ. Ингэснээр Монгол Улс ирвэсийн тоо толгойгоор дэлхийд хоёрдугаарт бичигдэж буй юм. Монгол дахь цоохор ирвэсийн нийт тархцын талбай 103 мянган ам км бөгөөд Говь-Алтай, Алтайн өвөр говь, Хөвсгөлийн уулс, Хангайн нуруунд харилцан адилгүй нягтшилтайгаар тархсан байдаг.
Цоохор ирвэс нь өндөр уулын экосистемийн тогтвортой байдал, байгалийн тэнцвэрийг хадгалдаг амьтан. Ирвэстэй нутагт аргаль, янгир элбэг. Өөрөөр хэлбэл, туурайтан амьтан олон байх тусам газрын гарц, бэлчээр, ус сайн байдаг. Тиймээс цоохор ирвэстэй нутгийг эрүүл онгон дагшин байгаль гэж үздэг аж. Цоохор ирвэс нь хад асгатай өндөр ууланд амьдардаг ч хүн рүү дайрдаггүй бөгөөд нутгийн иргэд “өндөр уулын эзэн” хэмээн нэрлэдэг юм байна. Ойролцоогоор 103-130 см-ийн урттай, 23-41 кг жинтэй бөгөөд 10-13 насалдаг гэнэ. Мөн 14 метр хүртэл хол үсрэх чадвартай. Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэж нэрлэдэг. Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллодог бөгөөд “Улаан ном”-д бүртгэсэн учраас агнахыг хуулиар хориглодог билээ.
Ташрамд дурдахад, Монгол бол цоохор ирвэсийн судалгааг хийж дуусгасан дэлхийн анхны улс юм.
Э.Сүйлэн