Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дэд профессор Дагийраазайн Нямдоржийн хэлэлцүүлсэн “Нямбуугийн Нямдоржийн зориулал шүлгийн туурвил зүй” хэмээх илтгэлий гбид онцолж байна.
Н.Нямдорж нь 1934 оны аравдугаар сарын 12-нд Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Бүрхийн төгөл хэмээх газар мэндэлсэн билээ. 1957-1962 онд ЗХУ-ын нийслэл Москва хот дахь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгсөөд “Хөдөлмөр” сонинд утга зохиолын ажилтан, Өмнөговь аймагт зохиолч, Ардын боловсролын яамны хэвлэлийн хэлтэст редактор, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо сумд багш, Эрдэнэт хотын хивсний үйлдвэрт мастер, Сүхбаатар аймгийн “Сүхбаатарын зам” сонинд сурвалжлагчаар ажиллаж байжээ.
Анхны ном нь 1959 онд “Үүлэн бор” нэртэйгээр хэвлэгдсэнээс хойш яруу найргийн нийт 14 ном хэвлүүлж, 1992 онд шилдэг шүлгүүдээрээ Төрийн соёрхол хүртсэн байдаг. Н.Нямдоржийг 1960-1970 оны Монголын яруу найрагт хэлбэр, агуулгын хийгээд сэтгэлгээний шинэчлэлийг авчирсан, өвөрмөц, давтагдашгүй найрагч хэмээдэг.
Удиртгал
Төрийн соёрхолт, яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн хэвлэгдээгүй шүлгүүдийг нь эмхэтгэн 2024 онд “Монгол” түүврийг хэвлүүлжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Готовын Акимын “толилуулсан” эл түүвэрт 38 бүтээл орсны 26 нь хэвлэгдээгүй шүлгүүд бол үлдсэн 12 нь “Ил товчоо” сонинд 1991 онд нийтлэгдсэн юм байна.
“Толилуулагч” түүврийн өмнөх үгэндээ Н.Нямдоржтой 1991 оны намар болов уу, “Ил товчоо” сонины эрхлэгчээр ажиллаж байхдаа танилцаж, удалгүй түүнийг Шар хаданд хэвтүүлснийг дуулсан гээд “Нямдорж маань “Шар хад”-нд “хэвтэх”-ийнхээ өмнөхөн сүүлийн үед бичсэн хэдэн шүлгээ надад авчирч өгсөн юм. Шүлгүүдийг бор цаасан (хоёрдугаар цаас гэж маний нэрлэдэг байсан) дээр машиндуулсан байж билээ. Эдгээр шүлэг нь миний хавтсанд дараастай он уджээ гэж хэлж болох...” (Нямдорж, 2024: 5) хэмээснээс үзвэл, мөн “Харгиланхан цалгиланхан байдаг” (Нямдорж, 2024: 42-43) хэмээн эхэлж буй нэргүй шүлгийн бичсэн огноог 1992 он гэж тавьснаас харвал тэдгээр шүлэг Г.Акимын гарт 1992 оны үед ирээд даруй 32 жилийн дараа олны хүртээл болжээ.
Дөрвөөс 152 мөр хүртэлх харилцан адилгүй хэмжээтэй, нэртэй, нэргүй, янз бүрийн сэдвээр бичсэн шүлгүүдээс бүрдэх тус түүвэрт өөртөө болон бусдад хандсан зориулал шүлэг цөөнгүй буй нь эрхгүй анхаарал татна.
Зориулал шүлэгт “Зохиолчоос хэн нэгэнд зориулж, зориуд нэр заан хайрлах, бахархах, жигших, өхөөрдөх, элэглэн шоолох, анхааруулах, сэрэмжлүүлэх, шүүмжлэх зорилгой, эсвэл өөртөө болон байгаль дэлхий, уул ус, янаг амраг, эцэг эх, эх орондоо хандсан уянгын баатрын сэтгэл зүйн байдлыг илэрхийлсэн шүлгүүд багтана” (Галбаатар, 2012: 165) гэх тодорхойлолтод хамаарах, “Зориулал шүлэг өөртөө зориулж өөрийгөө байцаан, ажил үйлээ шинжиж тодорхойлсон хэлбэрээр нэлээд тохиолдоно” (Галбаатар, 2012: 165) гэх тайлбарт тохирох 11 шүлэг буйг сэдэвчлэн ангилж, энэ удаад өөрийн тухай өгүүлсэн шүлгүүдийнх нь туурвил зүйг шинжиж үзье.
Үндсэн хэсэг. Өөрийн тухай
Дээрхтүүвэрт өөрийн тухай өгүүлсэн гурван шүлэг байгаагийн эхнийх нь “Нямбуугийн Нямдорж” нэртэй бол хоёр дахь нь “Би” найраглалын хэсэг, гурав дахь нь “Одоо би Нямдорж” хэмээн эхэлж буй нэргүй шүлэг бөгөөд сүүлийн хоёр шүлэг 1991 онд “Ил товчоо” сонинд хэвлэгджээ.
Ингэхдээ нэргүй шүлгийн дор “Дараах шүлгүүдийг зохиолч Д.Нямаа тайлбарын хамт манай сонины газарт авчирч өгснийг нийтэлж байна” гэх, “Би” найраглалын хэсгийн ард “Энэ найраглал нь Утга зохиолын дээд сургууль төгсөхдөө дипломоо “Онц” хамгаалсан найраглал боловч хэвлэгдээгүйгээр барахгүй хэвлэлийн газрын хариуцлагагүй хүмүүсийн гарт үрэгдсэн. Гэвч бид энэ алдарт найраглалыг бүрэн эхээр нь олохын төлөө эрлээ үргэлжлүүлж байна” гэсэн тайлбарууд дагалдуулжээ.
Эдгээр шүлэг нь сэдэв, утга, агуулга, хэлбэрийн хувьд өөрийгөө эргэцүүлж, амьдралаа тунгаан, утга учир, үнэн мөнийг эрэн хайж, түүндээ ч тодорхой хариу олсон, хөрөгчилж намтарчилсан хэв маяг бүхий бүтээлүүд юм.
“Нямбуугийн Нямдорж” шүлэгтээ зохиогч хувь заяагаа эргэцүүлж, “би”-гийн дүрээр дамжуулан амьдралдаа алдаж онож, зовж шаналж, тэмцэж ирснээ илэрхийлж, тухайн үеийн нийгэм, эрх мэдлийн гажуудлыг шүүмжилжээ. Шүлэг хэдий зохиогчийн нэртэй ч Чингис хааны намтрыг давхар өгүүлж, “би” баатар, их хаан хоёрын амьдарсан цаг хугацаа өөр ч өсөж төрсөн нутаг орон, үзэж туулсан ахуй амьдрал, тээж явсан үзэл санаа ижил төсөөтэйг адилтгасан байна.
“…Би номын биш
Би намын биш болохоор
Би бараг хүн биш байлаа...”
зэргээр зохиогч өөрийн тухай өгүүлж, хэдий амьдралд чадлаа барж, унаж бүдэрч хэцүү бэрх байсан ч даргадаа хов зөөж, анд нөхдөө матаж явсангүй гээд “Нялуун цагийн торгон ирэн дээр Нямдорж үхэхэд ч, сөнөхөд ч бэлэн байсан даа” хэмээн эргэн дурссан бол Чингис хааны тухайд, түүхнээ цэцэн мэргэн, усан тэнэг олон янзын хаад байдаг ч
“…Эрхийн тэнэгт идэгдээгүй
Эзэн их хаантан минь
Хамаг улсын доог болж байсан
Хариугүй улсын боол болж явсан...”
ч морин дэл дээр Монгол Улсаа нэгтгэн, төр ёсыг тогтоож өгсөн хэмээгээд энэ бүхний нууц, оройн дээд их эзэн хааны онцгой нэгэн гавьяаг
“Онон шигээ тунгалаг сэтгэл билээ
Оргил Хэнтий шигээ өндөр санаа билээ”
хэмээн дүгнэж шүлгээ өндөрлөсөн байна. Үүнээс зохиогч Чингис хааны үйл хэрэг, үзэл санааг бахдан дуулахын зэрэгцээ дээрээ ахгүй, дэргэдээ дүүгүй, түшиж тулах хүнгүйн дээр өөрийгөө өргөмжилжилж, дэмий хоосон алдар зүүсэн согтуу хөлчүү нөхрийн шалдан нэр, бүдүүн гуяыг өргөлцөх гэж чадлаа барах зэргээр унадаг өвчтэй хүн шиг уруудаж, авьяас билигггүйгээрээ дуудуулж, өдрөөр таварцаглаж, өөрөө унаж, бараг хүн биш явахдаа ч, дурдсан хатуу хөтүү амьдралын үеэ даван туулахдаа ч, өнөө ч “тунгалаг сэтгэл, өндөр санаа”-тай явсан нь ойлгогдоно.
Утга зохиолын дээд сургууль төгсөхдөө диплом хамгаалж бичсэн, хожим үрэгдсэн гэгдэж буй “Би” найраглалын энд хэвлэгдсэн хоёр хэсгийн тухайд “би”-гийн олон янзын мөн чанарыг илэрхийлж, өөрийгөө эгэл боргил боловч үнэ цэнтэй хэмээн хүлээн зөвшөөрч, унаж босон хатуужиж, өсөж дэвжиж буйгаа илэрхийлсэн бүтээл юм. Тухайлбал, найраглалын эхний хэсэг
“Сав ертөнцийн саваагүй эзэн
Шим ертөнцийн ширээгүй богд
Хүний нийгмийн хүлцэнгүй боол
Хувьтай цагийн хичээнгүй зарц
Энэ бол би билээ…”
хэмээн өөрийгөө тодорхойлж тунхаглан, эхлээд иргүй ч бол хутга, эрдэмгүй ч бол банди, оргилгүй ч бол нуруу, бургилгүй ч бол булаг, дөлгүй ч бол гал, дэлбээгүй ч бол цэцэг, амтаар муухан ч архи, аялгаар сулхан ч дуун, агуулгаар дульхан ч ном билээ зэргээр эсрэгцүүлэн өрнүүлсээр
“Байгаа бие минь урлаг билээ
Байгалийн нарийн цогцос билээ
Хоёр биеийн хүртээл билээ
Хорвоо ертөнцийн бүтээл билээ”
хэмээн эгэл олноос ялгагдахгүй энгийн нэгэн гэсэн өрнөл эцэстээ давтагдашгүй, өөрийн гэсэн өнгө төрх, зан араншин бүхий байгалийн нарийн цогцос, хорвоо ертөнцийн бүтээл болон төгсөж байна.
Найраглалын хоёрдугаар хэсэг “би” баатар тэнгисийн нэг аралд биш, тивийнхэмжээндажиллаж сурахын хүслэнд автаж яваагаар эхлээд, энэ хүсэлдээ харанхуйд төөрч, тэмтчин зүгээ ололгүй унаж, сүүдэрт ийш тийш харан болгоомжилж, иймд сэргэг байгаагаар өрнөөд
“Тийм ээ би! Гэрэлд явнам
Тээг саадыг давж явнам
Тэмцэлд биеэрээ ялж явнам
Тэгснээс ч өсөж явнам”
хэмээн гэрэлд гарч, тээг саадыг даван, тэмцэлд ялж, өсөж буйгаар энэхүүхэсэг төгсжээ. Сурахын хүслэнд автаж, харанхуйд төөрч, унаж бүдэрсээр, хичээл зүтгэлийн үрээр мэдэхгүйн харанхуй шингэрэн сүүдэр болж, туулж өнгөрүүлсэн өмнөх үеэс авсан сургамжаараа сэрэмжтэй сэргэг явсаар гэрэлд хүрсэн гэсэн үйл явдлын өрнөл, утгын гүнзгийрэл, ур маягийн ахиулал харагдана.
Харин нэргүй шүлгийн тухайд цомхон, дөрвөн мөртэй хэдий ч гүн гүнзгий утга санаа, дэлгэр баян агуулгатай юм.
Одоо би Нямдорж
Орой чиний нулимс
Хойтон өдийд яс
Хорин жилийн дараа цэцэг.
Одоо, орой, хойтон өдийд, хорин жилийн дараа гэсэн цаг хугацааны цуваа дараалалд “би” баатар Нямдорж нулимс, яс, цэцэг болох хувирлыг үзүүлж байна. Үүний ард үл өөрчлөгдөх хүний амьдралын жам ёсны тухай өгүүлжээ.
Мөн “би” баатартай эсрэгцэх “чи” гэсэн хоёрдугаар биеийг дурдаж, Нямдоржоос үүдэлтэй, нөлөөлөх, түүнд хамаарах бүх зүйлийг нулимс хэмээн ерөнхийлж, тэрхүүнулимс баяр баясал, уй гунигийн аль байхыг хэлсэнгүй, “чи” болоод уншигчдад нээлттэй орхисон байна. Гэвч аль нь ч байсан цаг хугацааны урсгалд, жам ёсны эргэлтэд хувьсан өөрчлөгддөг учиртай.
Дүгнэлт
Н.Нямдоржийн “Монгол” түүвэрт хэвлэгдсэн өөрийн тухай өгүүлсэн дээрх гурван шүлгээс үзэхэд тэрбээр өөрийгөө танин мэдэж, дотоод “би”-гээ ил тодоор, зоригтой илчилсэн байна. Ингэхдээ зохиогч өөрийгөө амьдралын бүх талаас харж, хүлээн зөвшөөрч, зөвхөн сайн сайхан талаа бус, алдаа оноо, уналт сэргэлт, харуусал эмзэглэл, баяр бахдалаа тодорхой илэрхийлжээ.
Мөн амьдралын үнэнтэй нүүр тулж, нийгмийн сорилтод орж, нэг үгээр унаж явснаа илэн далангүй өгүүлж, тэдгээр уналтдаа шантарч сөгдөөгүй, сөхөрч сөнөөгүй, харин өөрийгөө болон бусдыг таних, нийгмээ эргэцүүлэх, ухаарах эхлэл болж, хэцүү бэрхийг даван туулсан аж.
Түүнчлэн хувь хүн, нийгмийн харилцаа, эрх мэдэл, алдар хүндийн тухай үзэл санаа гүнзгий тусаж, эрх мэдэлтэн, дарга сэтэртэн, худал хуурмаг алдар хүнд, тэдгээрийг даган бялдуучлах хандлага зэргийг эрс шүүмжилжээ.
Тиймээс ч зохиогч “би” баатар эрх мэдэл, алдар хүндэд шунан дурлагч, даган долигоногч бус, үнэнд итгэгч, жам ёс, зүй тогтлыг ухаарагч, өөрийн үнэ цэнийг таньсан эгэл жирийн нэгэн гэсэн өгүүлэмж тодорно.
Үүнд цаг хугацааны мэдрэмж, оршихуйн гүн үзэл нэвчиж, аливаа зүйлийн мөн чанар, амьдралын мөнх бус үзэгдэл, баяр гуниг, зовлон жаргал хүртэл цаг хугацааны урсгалд хувьсан өөрчлөгдөж, утга учиртай болдгийг өгүүлнэ.
Зохиогч нийгэм, цаг үеэ таньснаас гадна улс үндэстнийхээ түүхийг мэдэж, алдаа оноог нь тунгааж, хүлээн зөвшөөрч, гэрэл гэгээтэй талыг нь магтан дуулж, бахархдаг үндэсний үзэлтэн байсан нь илэрхий байна.
Иймд Н.Нямдоржийн өөрийн тухай өгүүлсэн дээр дурдсан гурван шүлгийг “би” гэх дотоод ертөнцөө танин мэдсэн, жам ёсыг ухаарсан, амьдралын үнэнийг илэн далангүй өгүүлсэн, эрх мэдэл, алдар нэрд бус, үнэнд итгэдэг, эгэл атлаа үнэ цэн, утга учиртай оршихуйн тухай эргэцүүллүүд гэж үзэж болно.
Шүүмжид дурдсан гурван шүлгийг бүрэн эхээр нь толиуулж байна
Шүлэг 1.
НЯМБУУГИЙН НЯМДОРЖ
Миний хувьхан биеийн хувьхан амьдрал
Мэдээж сүлдлэг их эзэн, сүрэг олон хаад
Надад юугаараа нөлөөлж
Намайг юунаас чөлөөлж
Нарыг минь гаргаж байсныг чинь
Би ер мэдэхгүй байнам, санахгүй байнам
Бидний дундуур
Бие биеэр маань хоёр эргээ хийсэн
Уйлаантай, үймээнтэй зуу зуун жилүүд
Уймран, займран урсана
Очиж л байдаг цагийг
Ирж л байдаг цагийг
Одоо гэнэт юуг нь гайхах билээ
Илт гайхуулахаар нь юу билээ
Үйлээ хасаж биш, нэмэн эдэлсэн нэгэн хувь заяаг
Үнэнээ далдалж биш, ил гайхуулсан нэгэн амьдралыг
Хэнд ч, юунд ч гүйцэгддэггүй цэцэн цэлмэг ухааныг
Хэн ч тэвчиж болшгүй аллага хядлага, харгислалыг
Үнэхээр түүх юм болохоор нь
Үнэмшихгүй, шимшрэхгүй, сэтгэл өвдөхгүй байж болшгүй...
Хаан цэцэн ч байдаг
Хариугүй тэнэг ч байдаг
Хамагт өгөөжтэй байдаг
Харам хариу ч байдаг
Хаан бол хаан
Хар толгойг хагалъя гэсэн ч дур
Хар модыг хугалъя гэсэн ч дур
Хавтгай чулууг хагалъя гэсэн ч дур
Эзэн их хаадын
Эрх ямба хэмжээгүй
Эрхийн хэтэрсэн ихэд
Ямар нэгэн гажиг буруу тохиолоор ч юм уу
Янз шинж муутай хараалаар ч юм уу
Ялгагдаж, дээрэлхүүлж
Дээрээ ахгүй
Дэргэдээ дүүгүй
Дээдэс ихсийн зиндаанд өөрийгөө өргөсөн, өргөмжлүүлсэн
Дэмий хоосон нохойд ч хэрэггүй алдартаа
Шал согтсон согтуу нөхрийн
Шалдан нэр, бүдүүн гуяыг нь өргөлцөх гэж
Чадлаа барж явлаа
Би унадаг өвчтэй хүн шиг унаж явлаа
Билиггүй, авьяасгүй харанхуй тэнэгээ дуулан дуудуулан
Би өршөөлгүй унаж явлаа
Ариухан замд, өөгүй тэгш замд
Өдрөөр таварцаглаж
Өөрөө л унаж явлаа
Олны нүдэн дээр нь
Олиггүйг, найгүйг хүссэн сэтгэл дээр нь
Очиж явлаа
Би номын биш
Би намын биш болохоор
Би бараг хүн биш байлаа.
Алдар нэрэнд дэндүүдуртай даргадаа
Алтан хошуу өргөж
Нүгэлгүй сайхан нөхдийнхөө
Нүдэнд хуруугаа хийж явсангүй
Нялуун цагийн торгон ирэн дор
Нямдорж үхэхэд ч, сөнөхөд ч бэлэн байсан даа
Харамсаагүй, хайрлаагүй
Хатуухан сэтгэлтэй нөхөд
Үе цагтайгаа адилхан
Үжирсэн, дүжирсэн байсан даа
Өргөмжлөгдөн тогтож байснаас биш
Өөрөө биеэ биелэн байсан маань
Үнэндээ багахан даа
Амьдрал хэмээх тамын тогоонд
Адилхан аргилан буцалж байсан болоод
Амттайхан, аятайхан болсон шөл нь
Аанай л минийх байсан гэж хэн маань ч хэлэх билээ дээ
Эрхийн эргүүтэнэгт идэгдээгүй
Эзэн их хаантан минь
Хамаг улсын доог болж байсан
Хариугүй улсын боол болж явсан
Морин дэл дээр
Монцойлгож
Төрт ёсыг тогтоож өгсөн
Тэмүжин эзнээрээ бахаднам
Тэр л хүнийгээ ачилнам
Одоо монголчууд бидэн
Омог нэрээ өргөж яваа нь
Олны сэтгэл хангалуун байгаа нь
Оройн дээд таны минь
Онцгой нэгэн гавьяа
Онон шигээ тунгалаг сэтгэл билээ
Оргил Хэнтий шигээ өндөр санаа билээ
Шүлэг 2.
БИ
Сав ертөнцийн саваагүй эзэн
Шим ертөнцийн ширээгүй богд
Хүний нийгмийн хүлцэнгүй боол
Хувьтай цагийн хичээнгүй зарц
Энэ бол би билээ
Иргүй ч бол хутга билээ
Эрдэмгүй ч бол банди билээ
Оргилгүй ч бол нуруу билээ
Бургилгүй ч бол булаг билээ
Дөлгүй ч бол гал билээ
Дэлбээгүй ч бол цэцэг билээ
Амтаар муухан ч архи билээ
Аялгаар сулхан ч дуун билээ
Агуулгаар дульхан ч ном билээ
Амрах нэгэн цаг билээ
Эрдэх лут омгорхол билээ
Эдлэх их хувь билээ
Байгаа бие минь урлаг билээ
Байгалийн нарийн цогцос билээ
Хоёр биеийн хүртээл билээ
Хорвоо ертөнцийн бүтээл билээ
***
Тэхдээ
Тэртээд
Тэнгисийн нэг аралд биш
Тив дээр
Эх газрын эрүүл шороон дээр
Ажиллах, сурахын хүслэнд
Автагдаж явнам
Тийм ээ би! Харанхуйд явнам
Тэмтчин төөрч явнам
Тэнд гэж зүгээ олохгүй явнам
Тэгснээс ч би унаж явнам
Тийм ээ би! Сүүдэрт явнам
Тийш ийшээ харж явнам
Тэр энэнээс болгоож явнам
Тэгээд ч би сэргэг явнам
Тийм ээ би! Гэрэлд явнам
Тээг саадыг давж явнам
Тэмцэлд биеэрээ ялж явнам
Тэгснээс ч өсөж явнам
Шүлэг 3.
***
Одоо би Нямдорж
Орой чиний нулимс
Хойтон өдийд яс
Хорин жилийн дараа цэцэг