Манай улсын хүүхдэд чиглэсэн төрийн үйлчилгээнүүд хүртээмж муутай, чанар, стандарт төдийлөн хангадаггүй учраас үргэлж хэл ам дагуулдаг, хөндүүр сэдэв байсаар ирэв. Тэдгээрийн нэг нь яахын аргагүй сурагчдын үдийн хоол юм. Чанар, шимт тэжээллэг байдал, төсөв санхүүжилт, хүний нөөц гээд үдийн хоол тойрсон маргаан, шүүмжлэл хэрэгжүүлж эхэлсэн 2006 оноос хойш л тасраагүй. Тэгвэл эл хөтөлбөрийг өдий болтол хүүхдийн эрүүл мэндэд ээлтэйгээр хэрэгжүүлж чадахгүй байгаагийн цаад шалтгаан нь нэгдсэн бодлого, тоног төхөөрөмж, байр савны хүрэлцээгүйтэй холбон тайлбарлах хүн олон. Адаглаад л төрийн өмчийн ерөнхий боловсролын 700 гаруй сургуулийн олонх нь жишиг гал тогоогүй хэвээр байна.
Төр, хувийн сургуульд энэ хичээлийн жилд 830 000 хүүхэд суралцаж буй. Үүний 700 гаруй мянга нь улсын сургуулийнх. Тэдний сурч боловсорч, өсөн хөгжиж, хооллож ундалдаг ганц газар нь ядуугийн зовлонгоос улбаатайгаар хэрэгцээ шаардлагыг нь тэр бүр хангаж байгаагүй. Боловсролын яамныхан ч төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын 50 гаруй хувь нь стандарт хангахгүй гал тогоотой, зориулалтын бус орчинд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг хэмээн “бахархан” ярьдаг. Өнгөрсөн оноос л ерөнхий боловсролын сургуулиудыг ядаж зориулалтын гал тогоотой болгоё хэмээн стандарт баталж, хэрэгжүүлж эхэлсэн. 2019 оноос хойш мөрдөж буй Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн дагуу сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний стандартыг боловсруулж, батлуулсан нь энэ. Ингэснээр манай улс анх удаа сургуулийн хүүхдүүдийн хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах стандарттай болсон юм.
340 ГАРУЙ МЯНГАН ХҮҮХЭД СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ ХООЛЛОЖ БАЙНА
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд “Хүүхдүүдэд заавал халуун хоол, цай уулгаж, идүүлнэ” гэж заасан байдаг. Гэвч наад захын уг заалтыг ч сургуулиуд хэрэгжүүлэхгүй байгааг ШУТИСын Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор, хоол зүйч М.Пүрэвжав хэлнэ лээ. Тэрбээр олон жилийн турш сурагчдын үдийн хоолны чанар, аюулгүй байдал, шим тэжээлийг судалж, шүүмжилж, энэ талаар нийгэмд дуу хоолойгоо хүргэсээр ирсэн. Ялангуяа Монгол Улс хүүхдийн үдийн хоолны нэгдсэн бодлоготой болох хэрэгтэйг зөвлөдөг билээ. Учир нь БНСУ, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудаас өгсүүлээд манайх шиг хөгжиж буй улсад ч хүүхдийн хоолны бодлого гэж бий. Тэр нь ямар чухал болохыг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймдээ ч эдгээр улс оронд ерөнхий боловсролын сургуульд нь ямар нэгэн хичээл орохгүй, өнжих, завсардахад төдийлөн ач холбогдол өгдөггүй. Харин хүүхдүүдийн үдийн хоолонд температурын алдаа гарах төдийд эцэг, эхчүүд нь хэл ам хийх хэмжээнд тийм их ач холбогдол өгдөг байна. Хоцорсон хичээлийг дараа нь үзчихэж болдог бол тухайн өдрийн хоол хүнсээс авах ёстой илчлэгийг маргааш нь нөхөх тухай ойлголт байдаггүй гэсэн үг.
Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд төр, хувийн хэвшлийн 885 сургуулийн бага ангийн 340 гаруй мянган суралцагчийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулж буй. Хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон, тэнцвэртэй, шим тэжээллэг хоол, хүнсийг тогтмол, зөв хэрэглүүлснээр оюуны болон бие махбодын хөгжлийг дэмжээд зогсохгүй аминдэмийн дутагдлаас үүдэлтэй аливаа өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх ач тустай. Гэтэл дөнгөж 242 сургууль, 87 цэцэрлэгт л хоол зүйч ажиллаж байгааг Боловсролын ерөнхий газрынхан хэлсэн. Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд төрийн өмчийн бүх сургууль, цэцэрлэгийг хоол зүйчтэй байхаар тусгасан. Зөвхөн ерөнхий боловсролын түвшинд гэхэд 463 хоол зүйч дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, ийм тооны сургууль хоол зүйчгүй аж.
Холбогдох хуулийн дагуу хоол зүйч нь боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээг удирдан зохион байгуулахаас гадна суралцагчдад хооллох соёл, шимт бодисын харьцаа, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, уламжлалт зоогийн талаарх мэдлэг олгох үүрэг хүлээдэг. Төрийн захиргааны төв байгууллагууд нь ч сургуулиудыг хүүхдийн эрхтэн тогтолцооны хэвийн өсөлт, хөгжлийг хангахуйц илчлэг, шим тэжээлтэй хоол, хүнсээр ханга гэж лүндэн буулгадаг. Гэтэл ихэнх сургуульд үүнийг нь тооцож, чиглүүлдэг гол хүний нөөц нь алга. Боловсролын ерөнхий газраас хүүхдийн хоногт авах илчлэг, хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээг цэцэрлэгт буюу 2-5 насанд 1211, бага ангид 1735, дунд ангид 2335, ахлах ангид 2490 ккал гэж “хуульчилсан” байдаг ч үдийн хоолтой сургуулиуд үүнийг мөрддөггүй. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн хоолны өртөг өмнөхөө бодвол нэмэгдсэн ч нэр, төрөл нь олширсонгүй. Өнөөх л будаатай пирожки, мантуун бууз, усан шөл, зутангаа өгсөөр байгаа сургууль ч олон бий.
“ЭРҮҮЛ, ЗӨВ ХООЛНЫ АМТАНД ДАСГАХ НЬ ХӨТӨЛБӨРИЙН ГОЛ ЗОРИЛГО БАЙХ ЁСТОЙ”
Манай улс Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль баталснаар Зүүн өмнөд Азийн орнууд дундаа энэ чиглэлийн эрх зүйн орчныг бүрдүүлсэн цөөн улсын нэг болсон юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд хуулийн хэрэгжилт хангалтгүй байсныг олон улсын шинжээчид ч үнэлсэн. Аймаг, нийслэлийн Боловсролын газруудад эл системийг бүрдүүлэхээр ажилладаг мэргэжилтнүүдийг хүртэл үндсэн ажлыг нь хийлгэдэггүй, сургуулиудын номын сан, сурах бичиг, орчны болон хөдөлмөр хамгааллын асуудал хариуцуулаад, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнээс бүр холдуулчихсан байгааг ч ил болгосон.
Хоол зүйч М.Пүрэвжав “БНСУ-д сургуулийн хүүхдүүдэд наад зах нь хүйтэн, бүлээн хоол огт идүүлдэггүй. Үүнийг нь ч байнга шалгаж, хянадаг. Хүүхдийг өвчлөхөөс хамгаалдаг ганц арга бол ердөө л зөв хооллох шүү дээ. Өрх бүрийн хооллох хэв маяг харилцан адилгүй. Анзаараад байхад амьжиргааны түвшнээс үл хамаарч хүүхдүүд нийтээрээ өвчлөөд байгаа учраас сургуулийн үдийн хоолонд анхаарлаа хандуулах шаардлагатай гэж боддог. Шим тэжээлийг тэнцвэртэй байлгаж, түүгээр дамжуулан хүүхдүүдийг эрүүл, зөв хоолны амтанд дасгах нь чухал юм. Ийм зүйл идэх ёстой юм байна гэдгийг тэдэнд ойлгуулах гээд буй хэрэг. Сургуулийн үдийн хоолны бодлоготой улс орнуудад бүх хүүхдүүдийг 100 хувь санхүүжүүлж, хооллодог. Энэ нь ирээдүйд шим тэжээлийн дутагдалгүй, сэтгэцийн хувьд эрүүл иргэнтэй болох чухал алхам. Хүүхдийн хооллолт нь энэ мэт нийгмийн эрүүл мэндийн чухал бодлого, улс орнуудын ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт байдаг. Жишээ нь, “Ковид19”-ийн үед хүртэл зарим улс хөл хорионд байгаа хүүхдүүдээ хооллосоор байсан. АНУ-д зуны амралтаар ч зорилтот бүлгийн болон шаардлагатай тохиолдолд хүүхдүүдийг хоол, хүнсээр хангадаг. Аав, ээжүүд ажил хийх хэрэгтэй. Тиймээс сургуулийн үдийн хоол гэдэг зүйл нь зайлшгүй шалтгаанаар бий болсон хүүхэд, улс орны ирээдүйг хамгаалсан бодлого юм. Үүнийг манайхан зөвөөр ойлгох цаг болсон. Нийтээрээ хүүхдийн хоол, шим тэжээлийн асуудалд илүү анхаарах шаардлагатай” гэв.
“Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага” стандартыг дээр өгүүлсэнчлэн өнгөрсөн жил баталсантай холбоотойгоор салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн үнэлгээний багийнхан ерөнхий боловсролын сургуулиудын хоол үйлдвэрлэлд судалгаа хийсэн юм билээ. Үүгээр сургуулиудын гал тогоо, хоол үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдлын дүр зураг ерөнхийдөө гарсан бөгөөд хэдхэн сургууль л стандарт хангахаар шалгуулжээ.
Боловсролын ерөнхий газрын өгсөн мэдээллээр 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 871 сургуулиас зургаа нь гал тогоогүй, бусад нь ямар ч байсан цайгаа чанаад, мантуун бууз, ороомгоо жигнэчих хэмжээний байр, тоног төхөөрөмжтэй байж. Сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрх зүйн орчин сайжирсан нь авууштай ч хууль баталснаас хойш таван жилийн дараа стандарт боловсруулсан учраас гал тогооны орчин нөхцөл, тоног төхөөрөмжийн үзүүлэлтүүд дээрдээгүй аж.
Уг нь улсын сургуулиуд ямархуу хоолны газар, гал тогоотой байхыг БНСУ-ын КОЙКА байгууллагынхан бидэнд заасан шүү дээ. Тодруулбал, тус байгууллагаас “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх” төслийг 2022-2025 онд хэрэгжүүлээд дуусаж байна. Төслийн хүрээнд ШУТИС-ийг түшиглэн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтны чадавхыг бэхжүүлэх төв байгуулж, хоол зүйч нарыг мэргэшүүлэх, ажилчдыг чадавхжуулах сургалтад хамруулж иржээ. Мөн тэд дүүрэг бүрээс нэг сургууль сонгон, стандартын шаардлагад нийцсэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин нөхцөлтэй жишиг гал тогоо байгуулж өгсөн гэнэ. Үүний үр дүнд төрийн өмчийн зарим сургуулийн сурагчид стандартын шаардлагад нийцсэн орчинд үдийн хоолоор үйлчлүүлж байгаа нь сайшаалтай.