Сургууль, цэцэрлэгүүд хүүхдүүд элсүүлэх болгондоо жил бүр л эцэг, эхчүүдэд ижил асуулт тавьж, адилхан маягт бөглүүлэн, өнөөх л гэрээндээ гарын үсэг зуруулдаг. Энэ бүхэн хэзээнээс ч юм бүү мэд, хэвшмэл дадал болж, хэн ч үүнийг “яагаад” хэмээн лавлан асууж байсангүй. Учир нь судалгаа бөглөх нь сургуульд элсэх, үргэлжлүүлэн суралцахын салшгүй хэсэг л гэж ойлгодог байлаа. Нийтийн ухамсарт ч тэгж суусан. Харин элсэлтийн судалгаанд ямар мэдээлэл багтаж, юунд ашиглагддаг, хэнд очиж, хэзээ устдагийг ч бид мэддэггүй. Боловсролын байгууллагууд ч үүнийхээ учрыг тайлбарладаггүй.
Судалгаа нэрээр эцэг, эхийн ажлын газар, албан тушаал, цалин хөлс, өрхийн амьжиргааны түвшин, цаашлаад яс үндэс, угсаа гарвалийг хүртэл бичүүлж авдаг нь боловсролын байгууллагын чухам ямар хэрэгцээг хангадаг юм бэ. Ингэж асуухаар хариулах эзэн ч олддоггүй юм байна. Тэгсэн мөртлөө Монгол Улсын 1.3 сая гаруй хүүхдийн олонх нь 2-18 насандаа эцэг, эхийн хамт жил бүр эдгээр асуулттай нүүр тулж, нэг ёсондоо хувийн амьдралаа сургууль, цэцэрлэгт тайлагнан суралцсаар л байдаг.
ЭНГИЙН ДАДЛААС ЭХЭЛСЭН ЗӨРЧИЛ
Сургууль, цэцэрлэгийн сургалтын зорилгоос “хальсан” асуултын маягтууд нь энгийн бүртгэлийн хүрээнээс давсанд эцэг, эхчүүд ч сүүлийн үед шүүмжлэлтэй хандах болсон. Хүүхдийн овог, нэр, гэрийн хаяг, нас, анги, бүлэг, эцэг, эхийн нэр, утасны дугаар, одоо ажиллаж буй байдал зэрэг суурь мэдээллийг шаардах нь бол зөв, ойлгомжтой асуудал. Тэгвэл эцэг, эх, асран хамгаалагчийн орлого, хувийн бизнес, албан тушаал, нийгмийн байдал нь хүүхдийн сургалтын үйл явцтай ямар ч хамааралгүй мэдээлэлд тооцогддог. Тийм байтал суралцаг чийн гэр бүлийн гишүүдийн хувийн нууцад хамаарах эдгээр мэдээллийг яагаад өмчийн хэлбэрээс үл хамааран бүх сургууль, цэцэрлэг шаарддагийг ойлгохгүй юм.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хүний эдийн засгийн байдал, гарваль үүсэл, нийгмийн статус нь эмзэг нууц мэдээлэлд хамаардаг. Өөрөөр хэлбэл, ийм мэдээллийг цуглуулах нь тодорхой зорилго, онцгой үндэслэл шаарддаг. Гэтэл манай боловсролын байгууллагуудад л хуулийн дээр “гишгэх” эрх байдаг бололтой. Тэд суралцагчийнхаа талаарх, түүний асран хамгаалагч нарын хуулиар хамгаалагдсан мэдээллүүдийг ийн өргөн хүрээнд цуглуулсаар байгаа нь яахын аргагүй зөрчил мөн. Хүүхдийн эрхийн тухай хуульд ч уг зөрчил үүсэхээс сэргийлсэн зүйл, заал тусгасан байдаг. Өмнө нь хэлсэнчлэн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулахад илүү өндөр шалгуур тавих ёстой атал сургалтын байгууллагын орчинд энэ нь эсрэгээрээ үйлчилж, үүнд хяналт тавьдаг, эсэх нь ч тодорхой бус байгаа юм. Судалгааны маягтууд нь цуглуулсан тухайн мэдээллийг ямар зорилгоор, хэдий хугацаанд ашиглаж, устгах талаар огт тайлбаргүй байх нь түгээмэл. Эцэг, эх чүүдэд ч сонголт үгүй, багш, удирдлагын “бөглө” гэсэн бүртгэлийн маягтаас татгалзах боломж бараг байдаггүй. Учир нь багшийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэнгүй гэж хүүхдийг нь нүд үзүүрлэх вий гэхээс эмээдэг нь нийтлэг.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16.13-т “Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан байдаг. Энэ нь насанд хүрсэн, эсэхээс үл шалтгаалан бүх хүнд хамаарна. Түүнчлэн бусад хууль, хүний эрхийн баримт бичигт иргэнээс шаардлагатай тохиолдолд мэдээлэл цуглуулахдаа илүүдэл, хамааралгүйг нэхэмжлэхийг хориглох зарчим баримталдаг. Элдэв судалгаанаас гадна сургалтын байгууллага, суралцагч, эцэг, эх хамтран жил бүр байгуулдаг гурвалсан гэрээ нь онолын хувьд оролцогч талуудын эрх, үүргийг л тэнцвэржүү лэх ёстой. Гэтэл уг гэрээ нь ч сайн дурын үндсэнд хийх энгийн шаардлагыг хангадаггүй.
ХҮҮХЭД ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАГДАЖ БОЛЗОШГҮЙ
Сургууль, цэцэрлэг нь хүүхэд өөрийгөө ижил тэгш, аюулгүй гэж мэдрэх орчин байх учиртай. Тэр орчинд ялгаварлан гадуурхалт, үе тэнгийн дээрэлхэлтэд ил, далд аль ч хэлбэрээр өртөх ёсгүй. Гэвч бодит амьдралд ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт нь баримтаар бус, хандлагаар илрэх нь элбэг. Ялангуяа эцэг, эх, асран хамгаалагчийн хашиж буй албан тушаал, нийгмийн байдал, цалин орлого, хувийн бизнес, нийгмийн нөлөө зэрэг нь багш, удирдлагын аль алиных нь хандлагад нөлөөлөхгүй гэх баталгаа байхгүй. Цаашлаад бусад эцэг, эх, ангийн хүүхдүүдэд нь ч энэ талаарх мэдээлэл тархах эрсдэлтэй.
Яаж вэ гэж үү, багш нарын өдөр тутмын наад захын яриа үүнийг батлаад өгдөг. Жишээ нь, “Хөөрхий дөө, Болдын аав нь өвчтэй юм билээ. Ээж нь ганцаараа ар гэрээ тэжээдэг. Олон нялх хүүхэдтэй болохоор Болдыг энэ зэрэгтэй авч яваа нь их юм”. “Манай Цэцэгийн аав хувийн бизнестэй, ээж нь том үйлдвэрт өндөр албан тушаал хашдаг. Эдэлж хэрэглэж байгаа нь хүртэл тэс өөр шүү”. “Дорж маань эмээ дээрээ өссөн, эцэг, эх нь багад нь салсан гэсэн. Эмээ нь “унаад” өгөхөөр энэ бид хоёр ч хэцүүднэ дээ”. “Хүүе ээ, Энэрэлийн ээж нь банкны захирал бол чихжээ. Амьдрал гэдэг сонин шүү. Саяхан л Энэрэлийг хавийн хүн эцэггүй, эвий минь хэмээгээд байгаагүй бил үү. Тэгсэн одоо бүгд л сайн хүний дүр эсгэх болж” гэх агуулгатай яриа сургууль, цэцэрлэгт хаа сайгүй л “нисэж” явдаг даа.
Суралцагчийн хувийн нууц мэдээлэл шаарддаг тохиолдол нь зөвхөн баримт бичигт тусгагдаад өнгөрдөг бол яая гэх сэн. Гэтэл хүүхдэд янз бүрээр нөлөөлөөд эхлэхээр л ноцтой асуудал дагуулж буй юм. Нөлөөтэй, боломжтой гэр бүлийн хүүхдүүд бусдаас илүү анхаарал хүртэх нь олонтоо. Багш, удирдлагууд хэдийгээр аман дээрээ түмний хүүхдийн төлөө гэх авч ачир дээрээ амьдралын боломж тааруу айлын хүүхдийг алаг үзэж, үл тоомсорлох, “өөрсдөө хичээ” гээд орхих нь бишгүй. Иймэрхүү ялгаварлан гадуурхалт юунаас үүсэж байгаа нь ч ил байгаа биз. Энэ бүхэн судалгаа нэртэйгээр авдаг, суралцагчийн хувийн амьдралд хэт өнгийсөн байдлаас улбаатай юм шүү дээ.
Хүүхэд сургуулийн өмнөх болон бүх шатны боловсрол эзэмшихэд нийгмийн байдал, амьжиргааны түвшин, цаашлаад эцэг, эхийнх нь ажил, мэргэжил өчүүхэн ч нөлөөлж, саад болох ёсгүй. Асран хамгаалагчийн нийгмийн байдал шууд утгаараа хүүхдийг ялгаварлан гадуурхалтад өртүүлэхгүй ч хувийн нууц нь ялангуяа боловсролын байгууллагад алдагдсанаар тэгш бус байдлыг ийн гааруулж болзошгүй юм. Улмаар хүүхдийн үнэлэмжид ч сөргөөр нөлөөлж, “Манай аав, ээж гоё ажил хийдэггүй”, “Амьдрал маань боломжгүй”, “Ядуу” гэх далд ухамсар багаас нь суух аюултай. Хүүхэд эрхээ эдэлж, нэхэх чадвар сул тул түүнийг хамгаалах мэдээлэл нь насанд хүрэгчдийнхээс ч аюулгүй байх ёстой гэж үздэг.
ОЛОН УЛСАД МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХАД БУС, ХАМГААЛАХАД АНХААРДАГ
Тэгвэл олон улсын сайн туршлагаас харахад хүүхдийн мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалт чанга хатуу. Тэдний мэдээллийг илүү их цуглуулахад бус, хязгаарлаж, хамгаалахад анхаардаг. Европын холбооны улсуудад мөрддөг хувийн мэдээлэл хамгаалах ерөнхий журамд хүүхдийн мэдээллийг өндөр эрсдэлтэй ангилалд оруулж, сургуулиудыг зөвхөн боловсролын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагаар авахыг зөвшөөрдөг. Энд манайхаас ялгаатай нь, гэр бүлийн орлого, нийгмийн байдлын талаарх судалгааг боловсролын байгууллага бус, нийгмийн халамжийнх нь хариуцдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн дэмжлэг шаардлагатай, эсэхийг сургууль бус, тусгай байгууллага тодорхойлдог байх нь.
Япон, Канад зэрэг оронд ч сургуулийн бүртгэл, судалгаа нь хүүхдийн сурлагатай шууд холбоотой мэдээллээр хязгаарлагддаг. Нийгмийн дэмжлэг шаардлагатай тохиолдолд эцэг, эх өөрийн хүсэлтээр холбогдох байгууллагад мэдээллээ өгдөг. Сургууль түүнийг хадгалах, боловсруулах эрхгүй.
Улс орнуудын жишгээр бол Монгол дахь нөхцөл байдлыг шийдэхийн тулд нэг удаагийн чиглэл, зөвлөмж хангалтгүй аж. Боловсролын салбарт ашиглах бүртгэл, судалгааны маягтыг төвлөрсөн байдлаар баталж, хуульд нийцээгүй асуултуудыг хасах шаардлагатайг хүний эрхийн зүтгэлтнүүд ч хэлж буй. Мөн “зайлшгүй шалтгаанаар” гэсэн шалгуурыг тодорхой болгож, хатуу мөрдүүлэхгүй бол боловсролын байгууллагын бүх шатанд хүний хувийн мэдээллийг задруулдаг зөрчил арилахгүй гэсэн юм. Үүнээс гадна эцэг, эх, асран хамгаалагч нар хувийн мэдээллээ өгөхгүй байх эрхтэй. Гэхдээ татгалзсаны улмаас хүүхдэд нь ямар нэгэн хохирол учрахгүй гэсэн баталгааг бүрдүүлэх нь чухал гэнэ.