Өндөр барилгын дээврээс хөтлөлцөөд үсэрсэн өсвөр насныхан, гурван сартай нялх хүүхдээ тэврээд зургаан давхраас унасан эмэгтэй, эхнэрээ олон удаа хутгалж, бүрэлгэсэн нөхөр, балчир үрсийнхээ нүдэн дээр 15 давхраас үсэрч, амиа хорлосон эх, гурван хүүхдээ буудаж хөнөөгөөд амиа егүүтгэсэн эцэг, найз бүсгүйгээ галт зэвсгээр хороогоод өөрийгөө бүрэлгэсэн залуу, төрсөн эхээ зодсоор байгаад “нөгөө ертөнц” рүү илгээсэн хүү, харуулын даргаа буудаж амийг нь “авсан” цэргүүд, төв талбайд өөрийгөө шатаасан иргэн, төрсөн охиноо хүчирхийлсэн аав, сурагчаа бэлгийн дарамтад оруулсан багш, “шөнө уйллаа” хэмээгээд бусдын 10 сартай нялх үрийг хэрцгийгээр хөнөөсөн “араатан”, машин заваарууллаа гэж дагавар хүүгээ газарт булсан эр...
Хамгийн сүүлд сэтгэцийн өвчтэй гэх этгээд жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай хүүхдийнх нь хамт онц хэрцгийгээр хөнөөсөн байж болзошгүй хэрэг нийгэмд шуугиан тариад байна. Дуулиан гэхээсээ илүүтэй олон нийтийг айдаст маш ихээр автуулав. Гэх мэтчилэн монголчуудын ой тойнд буухааргүй аймшигт, зүрх зүсэм хэргүүд гарсаар л байг уу. Эрүүл ухаантай, сэтгэцийн эрүүл мэнд нь ямар ч асуудалгүй хүмүүс ийм аймшигт хэрэг өдүүлэх үү. Тэгвэл энэ бүхэн санамсаргүй осол бус, системийн доголдлын уршиг, төрийн бодлогын алдаа, харалган тогтолцооны үр дагавар гэдгийг нийтээрээ мэдэж буй. Тиймээс хэрэг гарах бүрд гэмт этгээдүүдийг буруутгаад өнгөрөх үү, эсвэл ийм явдал дахин давтагдахааргүй бодит шийдэл хайх уу гэдэг сонголтын өмнө олноороо тулаад байгаа юм.
Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд доройтсон, баталгаа, аюулгүй байдал нь алдагдаад удсаныг дээрх жишээ байтугай, жирийн иргэдийн амьдрал ч бэлээхэн гэрчлээд өгдөг. Иргэд нь сэтгэцийн эмгэг, хямралтай хэрнээ энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээг зөвхөн “галзуу”, солиотой хүмүүс авдаг мэтээр ташаа ойлгодог. Энэ нь салбарын яам, боловсролын байгууллагуудын түвшинд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох ажил маш хангалтгүй, төр засаг ч бодлого боловсруулж, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийг өөд нь татах ямар ч сэтгэл зүрхгүй байгаатай нь холбоотой. Манай улс одоо болтол хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын албан ёсны хөтөлбөргүй нь үүнийг батална.
35 МЯНГА ОРЧИМ ХҮН ШИЗОФРЕНИТЭЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.1-т “Хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн буй орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн, хувь нэмрээ оруулж чадахуйц байна”. Мөн тус хуулийн 3.1.2-т “Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал гэж нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас хүний сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан үйл түр хямарсан байхыг хэлнэ” гэжээ. Харин энэ төрлийн өвчнийг олон улсын ангиллын “Сэтгэц, зан үйлийн эмгэгүүд” бүлэгт заасан оношилгооны хэмжүүрээр тодорхойлдог. Нэгэнт сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогдсон хүнийг нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тэгш хамруулж, хяналт тавих, сэргийлэх арга хэмжээг тасралтгүй авах ёстойг ч хуульчилсан. Гэвч манайд энэ төрлийн тусламж, үйлчилгээ аль эрт “хаягдсан”, тэднийг эмчилдэг цор ганц эмнэлгийнх нь барилга, байгууламжийн өнөөгийн “нүүр царай”, хүний нөөцийн хомсдол, өвчтөнүүдийн ар гэрийн нөхцөл байдал, үүнийг дагаад нийгмийн аюулгүй байдал ч алдагдаад удав.
ДЭМБ-ын тооцоолсноор тухайн улсын нийт хүн амын нэг хувь нь сэтгэцийн солиорох эмгэгтэй байж болзошгүй гэсэн тойм судалгаа бий. Үүнийг шизофрени гэх бөгөөд энэ нь сэтгэцийн хүнд хэлбэрийн өвчин юм. Уг тооцооллоор бол манайд бараг нэг аймгийн хэмжээний хүн амтай дүйцэхүйц, 35 мянга орчим иргэн шизофренитэй амьдарч байх магадлалтай. Эрүүл гэгдэх хүмүүс нь ч бүгд шахам сэтгэцийн ямар нэг тулгамдсан асуудалтайг “дээр үед” судалж тогтоосон байдаг. Ингэж хэлсний учир нь Монгол Улс хүн амынхаа сэтгэцийн эрүүл мэндийг сүүлийн 13 жил огт үнэлээгүй гэсэн үг. Тиймдээ ч жирэмсэн эмэгтэйг хүүхдийнх нь хамт хөнөөсөн этгээдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал нь нийгэмд сул чөлөөтэй амьдрах хэмжээнийх биш гэдгийг мэдэхгүй байгаа юм шүү дээ. Хүнд хэлбэрийн шизофренитэй иргэнд тавих хараа хяналт сулаас, эмнэлгийн тусламж, орны хүрэлцээгүйн төлөөсийг гэмгүй хэчнээн “зүрх”-ээр төлөх гэсэн юм бэ.
Сэтгэцийн эмгэгийг хөнгөн, хүнд гэж ангилдаг юм билээ. Хөнгөн хэлбэрийн өвчтэй хү мүүсийг сум, өрхийн Эрүүл мэндийн төвд хянадаг. Харин хүнд хэлбэрийнхийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-д байнгын эм чилгээнд хамруулах ёстой. Даанч дээр хэлсэнч лэн тус төв орны “эргэлтгүй”-гээс аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хяналтад байлгадаг аж. Тодруулбал, СЭМҮТ нь хэвтэн эмчлүүлэх 550 ортой, хаанаа ч хүрэлцдэггүй. Сэтгэцийн хүнд өвчтөнүүдийн ар гэрийнхэн “Биднийг алах гээд байна, хавийн “амьтан” айлгаж, ичээгээд болохгүй юм” гэсээр өргөдөл өгч, хэвтүүлдэг. Эргээд авдаггүй. Иймээс ор сулардаггүй аж.
Уг нь СЭМҮТ төрөл садангүй, ганц бие, хараа хяналтгүй өвчтөнүүдийг байнгын эмчилгээ, хяналтад авах үүрэгтэй боловч хүнд өвчтэй хүмүүсийг хэвтүүллээ ч сар, жилээр байлгах боломж, нөөцгүй. Бие нь дээрдэх төдийд эмнэлгээс гаргачихдаг. Дээрх сэтгэцийн өвчтэй гэмт этгээдийн тухайд өмнө нь хүн амины хэрэгт холбогдож байсан, тухайн үед хэрэг хү лээх чадваргүй гээд СЭМҮТ рүү шилжүүлсэн гэдэг. Харин тус төвийнхөн биеийн байдал нь дээрдсэн гэж үзээд, хоёр жилийн өмнө дүүргийн эмнэлгийн хяналтад шилжүүлсэн юм билээ. Ингээд өнөөх этгээд хамгийн сүүлд буюу оны өмнөхөн СЭМҮТ-өөс тусламж, үйлчилгээ аваад удаагүй байхдаа буюу нэгдүгээр сарын 4-нд тийм аймшигт хэрэг өдүүлсэн гэх. Тэгвэл СЭМҮТ-ийн эмч нар энэ талаар “Хоёр жилийн өмнө бие нь дээрдсэн ч өнөөдрийн сэтгэцийн нөхцөл байдлыг нь тодорхойлохгүй. Бид эмчлүүлэгчдийн ар гэрийн хүсэлтийн дагуу өвчтөнүүдийг байнга хэвтүүлсээр, эмнэлэг сүүлдээ асрамжийн газар болж хувираад байна. Сэтгэцийн хүнд өвчтэй хүмүүсийг хянаж, халамжилдаг асрамжийн газар байгуулах шаардлагатайг яруу тодоор харж байгаа биз дээ” хэмээн тавлаж суух.

СЭТГЭЦИЙН ӨВЧИН НЬ ХЯНАЛТ СУЛАРЧ, ЭМЧИЛГЭЭ ТАСРАХЫГ “АНДАХГҮЙ”
Сэтгэцийн хүнд өвчтэй иргэдийн хувь заяаг эмч нар, ар гэрийнхэн нь, төр засаг ч тэр ийнхүү “бурханд даатгаад” уджээ. Сайд, дарга нарын ганц чаддаг ажил нь гэвэл аливаа нэгэн асуудал нийгэмд “өндрийг авахад” түүгээр далимдуулан тодорч, “попрох”. СЭМҮТ-тэй холбоотой сүүлийн үеийн жишээнүүд бүгд үүнийг батална. Өмнө нь төвийн эмч, ажилтнууд үйлч лүүлэгчдээ тамалж, хүчирхийлэн, хоол ундгүй байлгасаар турааж эцээсэн тухай асуудал хөндөгдөхөд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн эмнэлгээр “шоу”-даад л өнгөрсөн. Энэ удаад ч тэрбээр “СЭМҮТ-ийн дэргэд асрамжийн газар байгуулна” гэчихсэн ичихгүй “попорч” явна лээ. Үүнээс өөр эдэнд хийж чадах ажил, хариуцлага хүлээх чадвар байхгүй. Ёс зүйг эрхэмлэдэг улс оронд манайд тохиолдсон шиг хэрэг гарсан бол тухайн сэтгэцийн эмнэлгийн даргаас өгсүүлээд хариуцсан эмч, хяналтын системийн бүх удирдлага, ажилтан, албан хаагч, салбарын сайд нь хүртэл уучлал гуйгаад ажлаа өгцгөөчихсөн байгаа.
СЭМҮТ-ийнхний хяналтад сэтгэцийн архаг, хүнд хэлбэрийн эмгэгтэй 1800 гаруй өвчтөн байдаг гэсэн. Тэднийг харьяа аймаг, дүүргийн эмнэлгийн хяналтад байгаа гэх авч бодит байдалд нийгэмд сул чөлөөтэй зорчиж буй нь үнэн шүү дээ. Асуудлын гол нь энд л бий. Сэтгэцийн хүнд өвчтэй, бусдад аюул учруулах эрсдэлтэй иргэдийг цаашид хэн, яаж, хэрхэн хянах юм гэдэг нь ч өдгөө тодорхойгүй л байна. Цаасан дээрх бүртгэл, улиралдаа нэг дуудаж үзлэг хийхийг хяналт гэж байгаа бол том эндүүрэл шүү, СЭМҮТ-ийнхөөн. Сэтгэцийн өвчин нь хяналт сулрах, эмийн хэрэглээ тасалдах, ар гэрийн дэмжлэг байхгүйг “андахгүй” сэдэрч, хор уршиг нь гудамжинд гарч ирж байгааг бид хангалттай харлаа, мэдэрлээ. Сэтгэцийн өвч тэй өнөөх этгээд өмнө нь талийгаачийн арван настай хүүхдийн хоолойд хутга тулгаж байсан гэх мэдээлэл ч бий. Тэр үед нь асуудлыг хэн хүнгүй “айл хоорондын маргаан” мэтээр өнгөц харалгүй, системтэй арга хэмжээ авхуулсан бол ч гэж бодогдох. Хариуцлага, хяналтын тогтолцоогүйгээс л бид өнөөдөр тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэнийх нь дараа “сэтгэцийн өвчтэй байсан” гэдгийг ихэнхдээ мэддэг. Тэдний эрхийг хамгаалах нэрийн дор нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг золиосолж болохгүй биз дээ. Үнэхээр л тийм бол өвчтөнүүдийн эрх, нийгмийн аюулгүй байдлыг ч давхар хангах хэрэгтэй.
Олон улсын жишигт энэ тэнцвэрийг ч бодлогын түвшинд маш тодорхой зохицуулсан байдаг. Хөгжингүй орнуудад сэтгэцийн хүнд эмгэгтэй, нийгэмд аюул учруулах өндөр эрсдэлтэй хүмүүсийг албадан эмчлэх, тусгай хамгаалалттай орчинд удаан хугацаагаар байлгах хууль, эрх зүйн зохицуулалттай. Энэ нь тэднийг шийтгэж буй хэлбэр бус, хамгаалалт юм. Өвчтөн өөрийгөө болон бусдыг гэмтээх магадлалтай гэж эмч, шүүх хамтран үнэлсэн тохиолдолд ийм арга хэмжээ авдаг. Тэднийг хянаж, эмчилдэг асрамжийн газар ч улс орнуудад цөөнгүй. Ерөнхий зургаараа эрсдэлийн үнэлгээ, тасралтгүй хяналт, салбар хоорондын хамтын ажиллагаа л олон хүний амийг авардаг юм байна.
Манай улс хүссэн, хүсээгүй энэ зам руу явах ёстой. Тойм судалгаа яриад суухын оронд сэтгэцийн өвчтэй иргэдийг бүртгэлжүүлж, эрсдэлийн үнэлгээ хийх хэрэгтэй. Аймаг, дүүрэг бүрд шахам эмчилгээ, асаргааны тусгай төвүүд бий болгон, хяналтыг нь сайжруулж, чангатгах, улмаар ар гэрийн оролцоо, хариуцлагыг мөн нэмэгдүүлэх нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах эхний алхам байх учиртай.